“Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн
Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв“ хэмээн Маршал Хорлоогийн Чойбалсангийн хэлсэн үг бий. Монголын түүхэнд Маршал Х.Чойбалсангийн үлдээсэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө зориулсан түүхэн гавьяаг дурсаж, мэндэлсэн ойг нь тэмдэглэн, залуу хойч үедээ мэдүүлэх, таниулах зорилгоор эрдэмтэд, түүхчид судалсаар байгаа юм. Маршалын мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, өрлөг жанжин-Маршал Х.Чойбалсан-130 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Үндэсний Батлах Хамгаалахын Их Сургуульд өнөөдөр /2025.02.07/ зохион байгуулсан юм.
Хурлыг нээж үг хэлсэн Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар “Эрх чөлөө бол тусгаар тогтносон улсад байдаг. Тусгаар тогтнол бол тухайн улс орны дэлхийд оршин тогтнож, нэр төрөө гаргаж яваагийн илрэл. Үнэхээр Монгол Улс тусгаар тогтносон улс. Үүний түүхэн гавьяа, түүхэн замналыг үлдээсэн эрхэм бол Маршал Х.Чойбалсан юм” гэж индрээс онцлов.
ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн дарга, доктор, дэд профессор И.Чинбат хэлэхдээ:
-Энэ өдрийг Монголын түүхэнд заавал тэмдэглүүштэй, олны анхааралд байдаг түүхт хүмүүн гэдгийг судлаачид, түүхчид хүлээн зөвшөөрдөг. Учир нь Монгол Улсын XX зууны эхэн хагасын түүх бол Маршал Х.Чойбалсантай зайлшгүй холбогддог. Манай улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө гээд бидний хамгийн үнэт зүйлүүд энэ цаг үед баталгаажиж, олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн үйл явц удаа дараа өрнөсөн байдаг. Х.Чойбалсан судлал 1990-ээд оноос өмнө тухайн үеийн нийгмийн үзэл суртлын нөлөөнд байсан бол түүнээс хойш энэхүү түүхэн хүмүүний талаар ном, хэвлэл гарч Монголын түүх, цэргийн түүхэнд судалгаа үргэлжилж, цар хүрээ өргөжиж байна гэв.
Эрдэм шинжилгээний хуралд Монгол Ардын Намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын дарга Ж.Дамдинцэрэн, Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа нар оролцлоо.
Газрын дарга Ж.Дамдинцэрэн эрдэм шинжилгээний хуралд мэндчилгээ хүргэж, үг хэлэв. Тэрбээр Монгол Ардын Намын удирдлагууд тусгаар тогтнолд түүхэн гавьяа байгуулсан хүмүүсийн алдар хүндийг хүндэтгэж буйг илэрхийлээд саяхан Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойн өдрөөр “Анхны долоо” сан байгуулсныг онцолж байв. Мөн Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулан Түүхийн ухааны доктор На.Батболд, Ч.Болдбаатар нарын эмхэтгэсэн “Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номыг өргөн түмэндээ хүргэхийг зорьж Монгол Ардын Намаас дэмжин хэвлүүлж, нээлтийг нь хийсэн тухай дурдлаа.
Энэхүү хуралд Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи үеийн түүхийн салбар, МУБИС, ХААИС, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Батлан хамгаалахын Төв архив, Монгол цэргийн музей зэрэг байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцож илтгэл хэлэлцүүллээ.
Тухайлбал, доктор, профессор Г.Мягмарсамбуу үндсэн илтгэлийг танилцуулахдаа Маршал Х.Чойбалсангийн тэмцлийн зам шулуун дардан байгаагүй, ээдрээтэй, эрээнтэй бараантай, алдаж онож явсаар алдрын оргилд хүрсэн гэдгийг дурдав. Энэ бүхний учир шалтгааныг нарийн задлан шинжлэх бололцоогүй учраас түүний амьдрал, тэмцлийн ерөнхий замналыг товч дүгнэсэн тухайгаа танилцуулсан юм. Маршал Х.Чойбалсан амьдралын замаа эрэн хайсан он жилүүд, Ардын хувьсгалын үйл хэрэгт зүтгэсэн он жилүүд, бүх цэргийн жанжнаар ажилласан он жилүүд гэх мэтээр судалсан тухайгаа доктор, профессор Г.Мягмарсамбуу илтгэлдээ дурдсан юм.
Мөн эрдэм шинжилгээний хуралд шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Хишигт, доктор На.Батболд, Да.Эрдэнэбат нарын эрдэмтэн судлаачид Маршалын талаарх сонирхолтой судалгааны илтгэл танилцуулсан юм.
Энэхүү хуралд хэлэлцүүлж буй илтгэлүүдийн гол зорилго нь Маршал Х.Чойбалсангийн гавьяа зүтгэл, түүхэн үүргийг үнэн бодитой судалж, тодорхойлох, үнэлж дүгнэх, ялангуяа залуу хойч үедээ өвлөн үлдээхэд оршиж байгааг зохион байгуулагчид онцолж байв.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.