Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Солонгос Улсын Ардчилсан намын дэргэдэх Залуучуудын холбооны төлөөллийг өнөөдөр /2025.02.05/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва Монгол Ардын нам болон намын дэргэдэх залуучуудын байгууллагын үйл ажиллагаа, цаашдын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар танилцуулж, хоёр орны залуучуудыг хамруулсан бизнес, боловсрол, эрүүл мэнд, ногоон хөгжил гэсэн 4 чиглэлд ажлын хэсэг байгуулан идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Өмнөд Солонгосын талаас Солонгосын Ардчилсан Ассамблейн гишүүн, улс төрийн зөвлөх Тэван Ким улсынхаа улс төрийн нөхцөл байдал, залуучуудын байгууллагын шинэ тэргүүн, түүний баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, дээрх чиглэлүүдээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлэв.
Ийнхүү хоёр орны намын дэргэдэх залуучуудын байгууллага цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.