Монгол Ардын намын төв байр Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхрын уулзалтын өрөөнд “Иргэдээ сонсъё” уулзалт тогтмол зохион байгуулагдаж байна. Тус уулзалтад Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон Монгол Ардын намаас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүд оролцож иргэд, олон нийт, намын гишүүдийн санал, хүсэлтийг сонсдог юм.
Өнөөдрийн /2025.01.29/ буюу 14 дэх удаагийн уулзалтад Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Нямжав оролцож уулзалтыг зорин ирсэн иргэд, намын гишүүдийн санал, хүсэлтийг хүлээн авлаа.
Бизнес эрхлэгчдийн төлөөлөл өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирсэн байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг бизнес эрхлэгч мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр олон ажил хийж, хэрэгжүүлснээ ярилаа. Мөн цаашид Монгол Ардын намтай хамтран хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг шинэ шатанд хөгжүүлэх талаар хамтын ажиллагааны санал тавьж буйгаа илэрхийлсэн юм.
Тус бизнес эрхлэгчээс гадна Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Мөнхцэцэг түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдахтай холбоотой тулгараад буй асуудлын талаар саналаа хэлэв. М.Мөнхцэцэгийн гэр бүл 2015 оноос хойш түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд орон сууцтай болох бүх шалгуурыг хангажээ. Шат шатны байгууллагуудаар хөөцөлдсөн ч одоог хүртэл энэ асуудал нь шийдэгдэхгүй байгаа тул Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгасан санал санаачлагын хүрээнд иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагаанд хяналт тавьж, асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гарган ажиллахыг хүслээ.
Иргэдийн санал, хүсэлтийг харьяа байгууллагууд, хариуцдаг албаныханд уламжилж, шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Нямжав илэрхийлэв.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.