Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын холбоо нийслэлийн есөн дүүргийн намын гишүүд, дэмжигч ахмадуудыг хамруулсан уулзалтыг тогтмол зохион байгуулж байна. Өнөөдрийн /2025.01.28/ ээлжит уулзалтад Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар оролцон 2025 онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн энэхүү уулзалтад Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Х.Алтай, Социал Демократ Монголын Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр 2025-2028 онд нийслэлд авто зам, дулаан хангамж, дэд бүтэц, эрчим хүчийг сайжруулах 24 томоохон төсөл хэрэгжих юм байна. Тэдгээр төслөөс Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг энэ оны гуравдугаар сараас эхлүүлэх, Шинэ тойрог замын ТЭЗҮ-ийг ирэх зургаадугаар сард боловсруулж дуусгахаар ажиллаж байна. Энэхүү хоёр зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гаргажээ.
Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлснээр автобусаар зорчигчдын тоо тогтмол өссөн дүнтэй байна. Иймд цаашид нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлнэ гэдгээ хотын дарга илэрхийлэв. Мөн тэрбээр дан ганц дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт анхааран нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй тул энэ чиглэлд ч онцгой анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Уулзалтын үеэр ахмадууд нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилтэй холбоотой олон бүтээлч санал хэлсэн юм.
Тухайлбал, хотын бүтээн байгуулалтад ахмад инженерүүдийг оролцуулах, ундны цэвэр усны нөөцийг тогтмол хянаж, олон улсын байгууллагатай хамтарсан хотын ус хангамжийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх, шинээр баригдах үйлчилгээний газруудад зогсоолын асуудлаа шийдсэн эсэхээс нь хамаарч зөвшөөрөл олгодог болох, орон сууц барих стандартад өөрчлөлт оруулах, бизнес эрхлэхэд шаардагддаг тусгай зөвшөөрлийн нөхцөлийг эргэн харах, айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах бодлого руу шилжих зэрэг санал хэлсэн юм.
Ахмадуудын санал, хүсэлтэд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар хариулт өгснөөр уулзалт өндөрлөв.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.