Монгол Ардын намын төв байр Тусгаар тогтнолын ордны уулзалтын танхимд иргэд, олон нийт, намын гишүүдийн төлөөлөл ирж “Иргэдээ сонсъё” уулзалтад идэвхтэй оролцсоор байна. Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон УИХ-ын гишүүд иргэдийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь нээлттэй сонсож, тулгамдаж буй асуудлуудыг шийдэх боломжтой эсэхийг судалж, эргэж хариу өгөх чиглэлээр ажилласаар байна.
“Иргэдээ сонсъё” өнөөдрийн /2025.01.28/ уулзалтад Монгол Ардын намын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян оролцов. Намын албан ёсны цахим хуудсаар дамжуулан түгээсэн уулзалтын зарыг харсан иргэн н.Оюунчимэг нь өөрийн амьдралд тохиолдсон хүнд хэцүү зүйлээс намын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъянд учирлав.
Тэрбээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутагт өндөрлөг газар бүтэн болон хагас өнчин ач, зээ нарын хамт амьдардаг байна. Гэвч сүүлийн жилүүдэд гэр хорооллын өгсүүр газарт амьдрах нь улам л хэцүү болсноор орон сууц түрээслэн суух болжээ. Энэ асуудлаасаа гарахын тулд хагас болон бүтэн өнчин хүүхдийг улсаас нэг удаад харж үзэн орон сууцны дэмжлэг үзүүлэх боломж байдаг эсэхийг судалсаар яваагаа хэлэв.
Иргэн н.Оюунчимэг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд түрээслээд өмчлөх зориулалттай орон сууцны хөтөлбөрт хамрагдахын тулд хэрхэх ёстой талаар тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүд болон дүүргийн Засаг дарга нараас өмнө нь лавласан боловч дорвитой хариу хүлээж аваагүй аж. Иймд 18 настайдаа намын гишүүн болж байсан хүний хувьд энэ удаад намын даргын зөвлөхтэй уулзаж асуудлаа ярихаар зорьж ирсэн байна.
Монгол Ардын намын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян хэлэхдээ “Манай улсад хэрэгжүүлдэг орон сууцны хөтөлбөрүүдийн хүрээнд хүмүүст орон сууц шууд олгодог зохицуулалт байдаггүй юм билээ. Бүтэн өнчин хүүхдэд өгнө гэсэн тусгай зохицуулалт ч байдаггүй. Яг ийм боломж олддог эсэхийг судалж үзээд боломжтой, эсвэл болдоггүй юм байна гэдэг тодорхой хариуг танд өгнө. Мөн таны амьдардаг Чингэлтэй дүүрэгт орон сууцны ямар төсөл хөтөлбөр хэрэгждэг вэ, цаашид энэ салбарт ямар төсөөлөл байна вэ гэдгийг судалж хариу хэлье. Ер нь орон сууцны хөтөлбөрийг өөрчилж олон улсын жишгээр хувийн өмч бус нийгмийн өмч гэж үздэг болмоор санагддаг” гэлээ.
Мөн Монгол Ардын намын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян Тусгаар тогтнолын ордонд “Иргэдээ сонсъё” уулзалтыг зорьж ирсэн иргэд, намын гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.