Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон Монгол Ардын намаас УИХ-д сонгогдсон гишүүд Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхрын уулзалтын өрөөнд иргэд, олон нийт, намын гишүүдийг хүлээн авч уулздаг уламжлалтай.
“Иргэдээ сонсъё” өнөөдрийн /2025.12.17/ уулзалтад Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Ч.Батзул оролцож иргэд, намын гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан санал, хүсэлттэй нь танилцлаа.
Иргэдийн зүгээс түрээслээд өмчлөх орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгтээ хүрч буй эсэхэд нь хяналт тавих, газрын маргаантай холбоотой асуудлыг хуулийн хугацаанд нь шударгаар шийдвэрлэх асуудалд намаас туслалцаа, дэмжлэг хүсэж байна.
Уулзалтад ирсэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэдийн төлөөлөл газар ашиглалттай холбоотой асуудлаа шийдвэрлүүлэхээр 5 жил хөөцөлдөж байгаа бөгөөд ганцхан гарын үсэг дутуу гэх шалтгаанаар өдийг хүрснээ ярилаа. Ийм асуудалтай олон иргэн, аж ахуй нэгж байдаг тул уг асуудлыг онцгойлон анхаарахыг захисан юм.
Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэдийн төлөөлөл өөрсдийн амьдарч буй хороондоо тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Хотын төвийн дүүрэг гэхэд улсын ганц ч цэцэрлэггүй, автобусны буудлын хүрэлцээ цөөн, тоосжилт өндөртэй, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байхгүй атлаа битүү цементэн ширэнгэн ой мэт болсон тус хороог хөгжүүлж, цэгцлэх зөв бодлого хэрэгтэй байгааг уламжлав.
Мөн ажил олгогчдын төлөөлөл өнөөдрийн уулзалтад ирж санал, хүсэлтээ тавив.
Тэрбээр тэтгэвэрт гарсан ахмадуудыг ажиллуулахад заавал нийгмийн даатгалын шимтгэл давхар төлүүлж буй асуудлыг шийдвэрлэх, цагийн ажил хийдэг оюутнуудаас нийгмийн даатгалын шимтгэл авч буйг зогсоох, банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулах бодлогын арга хэмжээ авах, төрийн албан хаагчдын ажилдаа хандах хандлага, бүтээмж жилээс жилд дордож буйг онцгой анхаарах, авлигын эсрэг эрчимтэй ажиллах шаардлагатайг хэлж байлаа. Хамгийн чухал нь оюуны өмчийг хамгаалах, Патентын тухай хуулийг эргэн харах цаг болсныг онцлов. Зохиогчийн эрхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах нь бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх чухал хөшүүрэг болно гэдгийг ойлгож, төр, улс төрийн намууд үүн дээр манлайлал үзүүлж ажиллахыг уриаллаа.
Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг зохих байгууллагад нь уламжилж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана гэдгээ Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Ч.Батзул илэрхийлэв.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.