Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын Холбооноос зохион байгуулсан ээлжит уулзалтад УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нар оролцлоо. Тэд ахмадуудад Ахмад настны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, тэтгэврийн дараах амьдрал төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар тавиас дээш ажилтантай ААН-үүд хоёроос доошгүй ахмад настныг ажиллуулах ёстой ба ажиллах хүч хомсдолтой эрүүл мэнд, боловсролын салбарт ахмадууд үргэлжлүүлэн ажиллаж болно. Үр хүүхдүүд нь аав, ээжийнхээ тэтгэвэр, тэтгэмжийг зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулж ашиглавал хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн байгууллагууд цалингийн нийт сангийн 3 хүртэл хувиар Ахмадын сан байгуулах, магадлан итгэмжлэгдсэн бүх сувилалд буюу 60 орчим сувилалд хөнгөлөлттэй үнээр сувилуулах боломж бүрдсэн зэргээр шинэ хуульд ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн баталгаа, хөгжил оролцоог дэмжсэн олон чухал заалтууд тусгагдсан” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун ахмад настны сайн сайхан байдал ба тэтгэврийн дараах амьдрал төлөвлөлтийн талаар өөрийн хийсэн судалгааг танилцуулахдаа “Ахмадууд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, ажил эрхлэх, мэдлэг олгох курс, сургалтад хамрагдах, спортоор хичээллэх, сайн дурын ажил хийх, ирээдүйгээ төлөвлөх нь урт удаан, аз жаргалтай амьдрах гол суурь болдог” гэдгийг онцлов.
Ахмадууд тэднийг нийгэмд идэвхтэй амьдрах, хууль эрх зүйн мэдлэгээ өргөжүүлэхэд нь туслах уулзалтыг тогтмол зохион байгуулж буйд талархаж, цэргийн тэтгэврийн насанд өөрчлөлт оруулах, тэтгэврийн зөрүүг арилгах, түрээслээд өмчлөх орон сууцны хүртээмжийг нэмэх, сувилалд хөнгөлөлттэй амрах хоногийг 10 болгож уртасгах, эрчим хүчний салбарын ахмад инженерүүдийг ажил эрхлэх боломжоор хангах зэрэг асуудлаар санал, хүсэлтээ илэрхийлсэн юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.