70001921
info@nam.mn
Мэдээ

Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаар ахмадуудын санал, хүсэлтийг сонсов

Админ
2024/12/17

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын Холбооноос зохион байгуулж буй өнөөдрийн /2024.12.17/ ээлжит уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар оролцлоо. Тэд уулзалтын эхэнд эрүүл мэндийн салбарт төрөөс баримталж буй бодлого, эмийн үнэ, хангамж, жор зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн яриандаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн баталж, эмийн чанар, үнэ, үйлчлэх бодис зэргийг хянах бүрэн боломжтой болсныг онцолж байв. Тэрбээр УИХ-ын гишүүн болсноосоо хойш хөнгөлөлттэй үнэтэй эмийн олголт гэх хүндрэлтэй зүйлийг хүртээмжтэй болгосон гэдгээ дурдлаа. 

Сүүлийн үед олон нийтийн дунд зөвхөн жороор эм олгохоор болсон шүүмжлэлийн тухайд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлэхдээ “Жор бичих шаардлагатай эмүүдээ жороор олгоно гэсэн заалт хуульд тусгасан. Бид шинэ соёлд суралцах ёстой. Энэ нь эмийг хоол хүнс шиг иддэгээ больё, харин заавал эмчийн заавраар эмээ авдаг хариуцлагатай болъё гэсэн санаа юм. Гэхдээ бэлтгэл ажил хийгдээгүй алдаатай зүйлүүд байсан. Жирийн жорыг цахимаар биччих боломжтой” гэв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлснээр эмнэлгийн чанар, хүртээмж сайжирч байгааг дурдсаны зэрэгцээ салбартаа эхлүүлсэн үр дүнтэй бодлогоо үргэлжлүүлж,  хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Цаашид нийт хүн амын дунд зонхилж буй хорт хавдар, зүрх судасны өвчлөлийн эрт илрүүлгийг голчлон хийж, "Хавдар судлалын үндэсний төв II"-ийг барих ажлыг эрчимжүүлнэ гэдгээ хэлж байв.

Уулзалтын үеэр ахмадууд санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, Эрүүл мэндийн яам, харьяа агентлагуудын удирдлагуудаас хариулт авав.

Ахмадуудын зүгээс эмч, эмнэлэгт үзүүлэх дарааллыг бууруулах, тэр дундаа анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, зохион байгуулалтад онцгой анхаарч, хяналт шалгалтыг тогтмол хийхийг хүсэж байв. Хавдрын шинэ эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах, одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн менежментийг сайжруулж, дотоод орчны тохижилтыг хийх замаар өвчтөнийг тав тухтай байлгахад анхаарах зайлшгүй шаардлагатай гэсэн саналыг хэлж байв.

Мөн ахмад настнууд үений мэс засалд орох дараалал хэдэн жилээр үргэлжилж буй хүндрэлтэй асуудлыг нэн даруй шийдвэрлэх, Баянзүрх дүүргийн "Амбулатори-2"-ын үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг ч хөндсөн юм. Энэхүү уулзалтад нийслэлийн 9 дүүргийн Монгол Ардын намын гишүүн, дэмжигч ахмадууд оролцов.






 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.