Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон Монгол Ардын намаас сонгогдсон УИХ-ын гишүүд иргэд олон нийт, намын гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авч уулзах “Иргэдээ сонсъё” уулзалтаа өнөөдрөөс /2024.12.05/ эхлүүллээ.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Монгол Ардын намын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Т.Галсан нар иргэд, намын гишүүдийн төлөөллийг Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхрын уулзалтын өрөөнд хүлээн авч уулзлаа.
Иргэдийн зүгээс нийслэлийн утаа, тоосжилт, автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, УИХ-ын гишүүдийн үүрэг, хариуцлагыг чангатгахад намын зүгээс анхаарахыг хүсэв. Мөн эмэгтэйчүүд, залуучууд, ахмадууд руу чиглэсэн төслүүдийг олноор хэрэгжүүлэх, тэднийг дэмжих, намын байгууллагыг залуучуудад нээлттэй болгох, тэтгэврийн шинэчлэлийг үр дүнтэй хийх зэрэг саналуудыг ирүүлжээ.
Намын үйл ажиллагаанд гишүүд, иргэдийн санал, хүсэлт, шүүмж чухал нөлөөтэй гэдгийг уулзалтад оролцсон албан тушаалтнууд үзэж байв. Цаашид Монгол Ардын намын зүгээс иргэдийн өгсөн эдгээр санал, шүүмжийг холбогдох нэгжид хүргүүлэх, шийдвэрлэх, бодлого шийдвэртээ тусган ажиллахад онцгой анхаарна гэдгээ хэлж байлаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.