70001921
info@nam.mn
Мэдээ

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар Лаосын төлөөлөгчидтэй уулзлаа

Админ
2024/11/15

Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Лаосын Ардын Хувьсгалт намын  төлөөлөгчдийг өнөөдөр /2024.11.15/ хүлээн авч уулзав.


Уулзалтад Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Х.Алтай, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал, улс төрийн ажилтан Б.Билгүүн болон Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Лаос Улсаас ирсэн айлчлалын бүрэлдэхүүнд Лаосын Ардын Хувьсгалт намын Төв хорооны Гадаад харилцааны хорооны дарга Тонсаван Пумвихан, Төв хорооны Гадаад харилцааны хорооны Ази, Номхон далай, Африкийн газрын дарга Салөмсай Танунсаг, Гадаад харилцааны хорооны Ардын дипломатын газрын дарга Бунён Бүдтавон,Төв хорооны Тамгын газрын орлогч дарга Гээвбасөд Чантафим, Ази, Номхон далай, Африкийн газрын Зүүн хойд Азийн хэлтсийн дарга Консамай Сайяачаг, Гадаад Харилцааны хорооны Ази, Номхон далай, Африкийн газрын Зүүн хойд Азийн хэлтсийн Монгол хариуцсан ажилтан Сулифон Манмомэг нар багтжээ.

Монгол, Лаос хоёр улс нь 1962 оны есдүгээр сарын 12-нд дипломат харилцаа тогтоосон байна. Харин Монгол Ардын нам, Лаосын Ардын Хувьсгалт нам хамтын ажиллагаагаа эхлүүлээд 50 жил болж байгаа юм.

Энэхүү айлчлал нь хоёр нам, цаашлаад Монгол, Лаос Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт талууд санал нэгдэж байлаа. 
Уулзалтын үеэр хот хоорондын хамтын ажиллагаа, аялал жуулчлал зэрэг өргөн сэдвээр санал солилцсон бөгөөд ярьсан асуудлуудыг БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан ажил хэрэг болгох боломжтойг хоёр тал онцлов.







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.