70001921
info@nam.mn
Мэдээ

Орон нутаг, нийслэлийн удирдлагаар ажиллаж байсан ахмад гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Админ
2024/11/06

Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва орон нутаг, нийслэлийн удирдлагаар ажиллаж байсан ахмадуудын төлөөллийг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2024.11.06/ хүлээн авч уулзав. Тэрбээр энэ онд тохиосон шат шатны сонгуулийн үйл явц, бүсчилсэн тойрогт холимог тогтолцоогоор болсон УИХ-ын ээлжит сонгуулийн онцлог, түүний үр дүнд бүрдсэн таван намын төлөөлөл бүхий анхны 126 гишүүнтэй парламент, хамтарсан Засгийн газар байгуулагдсан үндсэн шалтгааны талаар товч мэдээлэл өгөв.  

Мөн тэрбээр улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тэр дундаа Засгийн газраас парламентад өргөн мэдүүлэн хэлэлцүүлж буй Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон эрчим хүчний үнэ тариф, өөрчлөлт зэрэг өнөөдөр нийгмийн анхаарлын төвд өрнөж буй асуудлуудын үед ахмад гишүүдтэйгээ санал бодлоо солилцож байгаагаа онцлов.

Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сард болсон орон нутгийн сонгууль, түүнд оролцсон Монгол Ардын намын нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл, сонгуулийн үр дүн, намын ялалтын талаарх статистик мэдээллийг Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва уулзалтад оролцсон ахмад гишүүдэд өглөө. Энэ жилийн орон нутгийн сонгуульд нийслэл, дүүрэг, аймаг, сумын хэмжээнд Монгол Ардын намаас нийт 7992 гишүүн нэр дэвшсэн бөгөөд улсын хэмжээнд 14 аймагт ялалт байгуулсан.  

Орон нутаг, нийслэлийн удирдлагаар ажиллаж байсан ахмадуудын төлөөлөл мөн саналаа хэлэв. Тэд өнгөрсөн хугацаанд шат шатны сонгуульд амжилт үзүүлсэн байдал, түүнээс авах сургамж, намын боловсон хүчний бодлого, ажиллаж буй салбар бүрийнхээ онцлог, намын бодлогын хүрээнд цаашид анхаарч болох асуудлын талаар санал, бодлоо хэлсэн юм.

Уулзалтад Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, Хүний нөөц, цахим бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа, Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан нарын төлөөлөл оролцов.














 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.