Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн хурлыг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2024.10.01/ зохион байгуулав.
Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо баярын хурлыг нээж үг хэлсэн юм. Тэрбээр Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө залуу насныхаа эрч хүч, хөдөлмөр, авьяас билгээ зориулж ирсэн, хийсэн ажилтай, бахархах үйлстэй, хойч үедээ үлгэр дуурайл болсон ахмад гишүүддээ Ахмадын холбоо үргэлж талархдаг гэдгээ илэрхийллээ.
Мөн Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралд оролцож ахмадуудад баярын мэнд хүргэлээ. Тэрбээр саяхан болсон Ахмадын холбооны VIII чуулганд оролцохдоо Монгол Улсын хөгжлийн чиг хандлага, ахмадууд руу чиглэсэн бодлого, тэдний улс орныхоо хөгжилд оруулах үнэтэй хувь нэмрийг тодорхойлсон илтгэл танилцуулсан бол энэ удаад “Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн онцлог” сэдвээр бодлого, шийдвэрээ танилцууллаа. Ирэх оны төсвийн төслийг парламентад өргөн барьж өнөөдөр нээлтээ хийсэн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлнэ. Ингэхдээ сонгуулийн холимог тогтолцоо бүхий бүсчилсэн тойргоос сонгогдсон, таван намын төлөөлөл бүхий салбар бүрийн мэргэжилтнүүдийг багтаасан анхны 126 гишүүнтэй парламентаар хэлэлцүүлэх төсөв гэдгээрээ онцлогтой гэдгийг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов.
Мөн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл, тэдгээрийг хэрэгжүүлэх 14 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зорьж буй талаараа ахмадуудад товчхон танилцуулсан юм. Тэр дундаа 14 мега төслөөс онцолж, түүнийг хэрэгжүүлэх үе шат гэх мэт агуулгаар танилцуулгаа үргэлжлүүлэв.
Ирэх оны төсөв нь гурван онцлогтой бөгөөд нэгдүгээрт, бүсчилсэн хөгжлийг дэмжсэн төсвийн төлөвлөлт, хоёрдугаарт, нийслэлийн тулгамдсан асуудлыг сууриар нь шийдвэрлэх төлөвлөлт, гуравдугаарт хувийн хэвшил, бизнесийн орчныг дэмжих татварын бодлого байх аж.
Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос зохион байгуулсан Олон улсын ахмадын баярын өдөрт зориулсан хуралд Монгол Ардын Намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Баярхүү, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Х.Нямбаатар нарын удирдах албан тушаалтнууд оролцлоо. Мөн Монгол Ардын Намын үе, үеийн удирдах албанд ажиллаж байсан ахмадууд Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан хүндэтгэлийн хуралд оролцсон юм.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ахмадуудад мэндчилгээ дэвшүүлснийг түүний зөвлөх Г.Ганболд индэрт уншиж хүргэлээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.