70001921
info@nam.mn
Мэдээ

МАН: Нийслэл, Дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны нээлт боллоо

Админ
2024/09/27

Нийслэл болон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нээлт Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2024-09-27/ боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Х.Нямбаатар, Монгол Ардын Намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал болон намын удирдах албан тушаалтнууд, УИХ, Засгийн газрын гишүүд, иргэд сонгогчдын төлөөлөл оролцов.

Нийслэлийн хэмжээнд нийт 9 дүүргийн ИТХ-ын сонгуулийн 181 тойрогт 313 нэр дэвшигч, нийслэлийн ИТХ-ын 12 тойрогт 45 нэр дэвшигч Монгол Ардын Намаас өрсөлдөхөөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан юм. Сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй 45 нэр дэвшигчийг танилцуулав.

Энэ үеэр Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ индэрт үг хэлж,  нийт нэр дэвшигчдэдээ амжилт хүслээ.

Тэрбээр “Та бүхэн Монгол Улсын хөгжлийн томоохон бодлого, боломжийг биелүүлэхийн  төлөө нэр дэвшиж байгаа. Энэ бол хариуцлагын нэр дэвшилт юм шүү. Бид УИХ-ын сонгуульд “Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөөө дэвшүүлж ялалт байгуулсан. Иймд бид хамтдаа энэхүү мөрийн хөтөлбөрөө биелүүлэх учиртай. Нийслэлд 20 минутын хот концепцыг дэвшүүлэхийн тулд хотын даргатай хамт нийслэлийн 14 байршилд очиж ажилласан. Засгийн газар ямар төсөл хөтөлбөрийг нийслэлтэй хамт хэрэгжүүлэх вэ гэдэг бодлого дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч судалсан нь энэ юм. Ингээд Бүсчилсэн хөгжлийн реформд үндэслэн 20 минутын хотын сэргэлт концепцыг мөрийн хөтөлбөрт оруулсан. Тиймээс “Бүсчилсэн хөгжлийн реформ” бол иргэд та бидний хамтдаа боловсруулсан хөтөлбөр юм. “Бүсчилсэн хөгжлийн реформ”-ыг хамтдаа хэрэгжүүлэх багийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайдын хувиар ард түмнээсээ хүсэж байна” хэмээв.  

Мөн Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан 14 мяга төсөл хэрэгжүүлэх цогц реформ дэвшүүлснийг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.

Ингэхдээ бүсчилсэн хөгжлийг дэмжсэн 14 мега төслийг эхлүүлж, эрх зүйн цогц реформыг эхлүүлэхээр болсон гэдгээ танилцууллаа. Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэхийн тулд Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс”, Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс”, Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”, Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс”, Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”, Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” байхаар томъёолсон гэдгээ тодотгов. 











ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.