70001921
info@nam.mn
Мэдээ

МАН: Удирдах ажилтны улсын зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

Админ
2024/09/20

Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнөөдөр амжилттай боллоо. Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөгөөнийг нээж “Ард түмний ялалт-Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавихдаа хамтарсан Засгийн газар байгуулсан учир шалтгаан, улс орныг бүсчилэн хөгжүүлэхээр тусгасан салбар бүрийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар зөвлөгөөнд оролцогчдод мэдээлсэн юм.

Мөн зөвлөгөөнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож “Шинэ үеийн парламент: Гурван төгөлдөршил” сэдэвтэй илтгэл тавив. Тэрбээр Монгол Ардын Намын даргын удирдаж буй Засгийн газрын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг парламентад өргөн барьж, анх удаа 126 гишүүнтэй УИХ бүрдэж, 1992 онд зорьж байсан тэрхүү ардчилсан, нийгмийн олон талын төлөөллийг хангасан, олон намын оролцоотой парламентыг бий болгох нөхцөл бүрдсэн гэдгийг тодотгов. 

Өнөөдрийн УИХ-ын 126 гишүүний 81 нь анх удаа сонгогдсон байна. Мөн нийт гишүүний 32 нь эмэгтэй байгаа нь Ази, номхон далайн бүс нутагтаа жендэрийн эрх тэгш байдлыг хангасан үзүүлэлтээрээ тэргүүлж эхэлсэн гэв. Эдгээр нь арчилсан засаглалтай парламентыг улам бүр баталгаажуулж буй бодитой үр дүн юм гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.

Дараа нь Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар “Монгол Ардын Намын шинэчлэл: Agenda-2.0” сэдэвтэй илтгэл тавилаа. Мөн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагааны товч тайлан мэдээллийг хүргээд саяхан зохион байгуулагдсан Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбоо, Залуучуудын холбооны их хурлуудын үйл ажиллагаа, шинээр сонгогдсон тэргүүнүүдийн талаар зөвлөгөөнд оролцогчдод мэдээлэв. Тэрбээр намын шинэчлэлд эмэгтэйчүүд, залуусын оролцоо, манлайлал маш чухал гэдгийг удирдах ажилтны улсын зөвлөгөөний үеэр онцолж байлаа.

Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэл ба өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр хотын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийж хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр болоод “20 минутын хот” төслийн талаар танилцуулсан юм.

Мөн удирдах ажилтны улсын зөвлөгөөнд оролцож буй төлөөлөгчдөд зориулан Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд “Сонгуулийн коммуникаци” сэдвээр сургалт оров.

Өнгөрсөн хугацаанд “Цахим нам 2.0” системээ гишүүддээ танилцуулж хэрэглээнд бүрэн нэвтрүүлсэн. Энэ нь орон зай, цаг хугацааг үл харгалзан намын аливаа үйл ажиллагаанд гишүүн бүр бүртгүүлэх, оролцох, санал хүсэлтээ өгөх, идэвх оролцоогоо үнэлүүлэх боломжийг нээсэн юм. Монгол Ардын Нам харилцаа холбоо, мэдээлэл, техник технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлэн, гишүүн бүртээ хүрч ажиллаж байна. Цаашид “Цахим нам 3.0” системийг нэвтрүүлэх зорилттой ажиллаж байгааг Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд онцоллоо.

Мөн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Шинэ үеийн төлөөлөгч-Шинэ 30 жил” сэдвээр хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар зөвлөгөөнд оролцогчдод сургалт орсон юм.

Ийнхүү 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 1300 гаруй төлөөлөгч оролцсон Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн амжилттай болж өндөрлөв.









ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.