Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Тус зөвлөгөөнд нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн намын анхан шатны байгууллагаас 1300 гаруй төлөөлөгч оролцож байна.
Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөгөөнийг нээж “Ард түмний ялалт-Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавьж байна. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгууль болоод түүний дараа нам, улс төрийн хүрээнд юу болсон бэ гэдгийг товчхон мэдээлэв. Мөн УИХ-ын 2024 оны сонгууль анх удаа бүсчилсэн тойрог бүхий холимог тогтолцоогоор болж, 126 гишүүнтэй парламент бүрдэн Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан нийгмийн олон талын төлөөлөл бүхий таван намын оролцоотой шинэ парламентын даргаар сонгогдсон тухай онцлов.
Түүнчлэн Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулсан учир шалтгаан, улс орныг бүсчилэн хөгжүүлэхээр салбар бүрээр тусгасан томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар зөвлөгөөнд оролцогчдод мэдээлэл хүргэлээ.
Зөвлөгөөнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Монгол Ардын Намын Хяналтын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нар оролцож байна. Мөн УИХ болоод Засгийн газрын гишүүд, намын Нарийн Бичгийн дарга нар, намын бусад удирдах албан тушаалтнууд оролцож байгаа юм.
Зөвлөгөөний үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Х.Нямбаатар, Намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нар илтгэл тавих юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.