Орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагаатай танилцах, гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Дундговь аймгийн намын хороонд ажиллалаа.
Энэ үеэр Ерөнхий Нарийн Бичгийн даргатай хийх нэгдсэн уулзалт зохион байгуулагдсан бөгөөд уулзалтад Аймаг, сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид, сумын намын хорооны дарга, сонгуульт албан тушаалтнууд оролцлоо. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүн, хамтарсан Засгийн газар байгуулагдсан шалтгаан, цаашдын зорилт, өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, орон нутгийн сонгуульд Монгол Ардын Нам ямар бодлого, стратеги барьж ажиллах чиглэлээр үндсэн илтгэл мэдээллийг Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ч.Содбаатар танилцуулав.
Түүний дараа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа мэдээлэл хийж, жендэрийн бодлогыг аймгууд бодитой хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэмэгдэж байгаад талархал илэрхийллээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Уянга, Д.Ганмаа нар оролцож Говийн бүсэд хийж, хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр дээр саналаа илэрхийлж, мэдээлэл өглөө.
Дундговь аймгийн Монгол Ардын Намын хорооны гишүүдийн зүгээс өсөн нэмэгдэж байгаа үнэ ханш, инфляцид зохицуулалт хийх боломж байгаа эсэх, суманд хэрэгжиж байгаа бодлого төрийн хэрэгжүүлж байгаа бодлоготой зөрж байгааг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ямар бодлого цаашид баримтлах, тэтгэврийн зөрүүг арилгахад Засгийн газар ямар бодлого барьж ажиллах вэ зэрэг асуудлаар Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатараас асууж тодруулж, саналаа нээлттэй илэрхийлсэн юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.