Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны ээлжит Бага хурлын Анхдугаар хуралдаан өнөөдөр /2024-09-15/ Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.
Тус холбооны VII Их хурал “SDY calling you буюу СДМЗХ таныг дуудаж байна” уриатай өчигдөр /2024-09-14/ болж 21 аймаг, 9 дүүргээс төлөөлөн 500 гаруй залуу оролцож шинэ Ерөнхийлөгчөө сонгон, ээлжит Бага хурлын төлөөлөгчдийг сонгосон юм. Их хуралд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонх нь Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдагвыг дэмжин сонгосон.
Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Пүрэвдагва “SDY-д гишүүнээр элсэхдээ заавал социал демократ үзэл баримтлалтай байх албагүй. Харин биднийг сонгосон гишүүддээ SDY үзэл баримтлалаа тайлбарлан таниулж, боломж олгож, дэмжлэг үзүүлж ажиллана. Биднийг сонгох суурь шалтгааныг тодорхой болгож өгнө. Тэргүүлэх дөрвөн чиглэлд, хувь хүний болон нийгмийн дэвшилтэт хөгжилд хөтлөх нэн тэргүүний 16 зорилт бүхий дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлгөөг хэрэгжүүлэн ажиллана” гэв. Мөн залуусын байгууллагад аль нэг хүйсийн төлөөллийг 40 хувьтай байлгахаар зорьж ажиллана гэлээ.
Өнөөдөр болж буй Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны ээлжит Бага хурлын Анхдугаар хуралдаанаар тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын тайлан илтгэлийг сонсож дүгнэв. Илтгэлийг СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан танилцууллаа.
Мөн Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчийг СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва Бага хурлын Анхдугаар хуралдаанд танилцуулсан юм. СДМЗХ-ны одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсанг Бага хурлын төлөөлөгчдийн дийлэнх олонх нь дэмжсэнээр тэрбээр улиран сонгогдов.
Тус хуралдаанаар СДМЗХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинээр сонгоно.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.