Өдгөө 103 жилийн түүхтэй Монгол Ардын Намын өнгөрсөн түүх, амжилт ололтыг түүчээлж ирсэн Ахмадын холбооны VIII чуулган энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Чуулганд 21 аймаг, 9 дүүргээс төлөөлөн хүрэлцэн ирсэн 200 орчим төлөөлөгч болон Монгол Ардын Намын үе үеийн дарга, Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Нарийн Бичгийн дарга нараар ажиллаж байсан хүндэт зочид чуулгандаа оролцож байна.
Социал Демократ Ахмадын Холбооны сүүлийн хоёр жилд хийж хэрэгжүүлсэн бодлогын ажил, судалгаа, нөлөөллийн ажлуудын тайлангаа хэлэлцэж, цаашдын хийхээр төлөвлөж буй ажлуудаа энэ удаагийн чуулганаар хэлэлцэж байна.
Чуулганы үйл ажиллагаанд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Монгол Улсын хөгжлийн чиг хандлага, ахмадууд руу чиглэсэн бодлого, тэдний улс орныхоо хөгжилд оруулах үнэт хувь нэмрийг тодорхойлон үндсэн илтгэл танилцууллаа.
Мөн Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар оролцож, хамтарсан Засгийн газар байгуулагдсан үндсэн шалтгаан, намын цаашдын шинэчилэлийн бодлого зэргээр мэдээлэл танилцуулж, чуулганд оролцогчдын сонирхсон асуултанд хариуллаа.
Социал Демократ Ахмадын Холбооны VIII чуулганаар тэргүүн Н.Энхболд ажлаа хүлээлгэн өгч, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ бодлого танилцуулан, чуулганд оролцогчид дэмжин, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Гомбо шинэ тэргүүнээр сонгогдон, ажлаа хүлээж авлаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.