Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд Баруун бүсэд ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн өдрүүдэд Увс, Завхан, Баян-Өлгий аймагт ажилласан юм. Тэрбээр өнөөдөр /2024-09-09/ Говь-Алтай аймагт ажиллаж орон нутгийн намын байгууллагын сонгуулийн бэлтгэл хангах уулзалт, сургалтыг тус аймагт зохион байгууллаа.
Энэхүү уулзалт, сургалтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл хангах, орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, нэр дэвшигчдэд хууль эрх зүйн чиглэлийн сургалт, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.
Гишүүд, дэмжигчидтэй хийсэн уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарт эрчимтэй хэрэгжиж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын тогтвортой байдал, эрчим хүчний үнийн асуудал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг олон асуудлыг хөндөж асуулт асууж, хариулт авсан юм.
Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс”, Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”, Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс”, Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”, Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болгон хөгжүүлэх бол Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс” болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.