Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар Төвийн бүсэд ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг болсон Сэлэнгэ аймагт ажиллаж орон нутгийн намын байгууллагын сонгуулийн бэлтгэл хангах уулзалт, сургалтад оролцлоо.
Уулзалт, сургалтын хүрээнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг анхан шатны намын хороодод хангахад дэмжлэг үзүүлэх, орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх чиглэлээр сургалт өгсөн байна. Аймаг, сумын сонгуульт албан тушаалтан, намын дэргэдэх төрийн бус байгууллагын тэргүүлэгч, гишүүд дэмжигчид энэхүү уулзалт, сургалтад оролцлоо.
Энэ үеэр гишүүд дэмжигчид хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн зорилт, малчид болон орон нутгийн иргэд руу чиглэсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал зэрэг олон чиглэлээр асуулт асууж, мэдээлэл авлаа. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэх зорилт тусгагдсан байгаа юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.