Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Х.Алтай Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож буй Бүгд Найрамдах Куба улсын Ардын Хүч Үндэсний Ассамблейн гишүүн, хатагтай Мариела Кастро Эспинийг хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Ардын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн, Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригес нарын албаны хүмүүс байлцлаа.
Куба улсын парламентын гишүүдийн 55.7 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Иймд Монголын улс төр, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өсөж, энэ жил УИХ-ын сонгуулийн үр дүнд нийт гишүүний 25.4 хувь нь эмэгтэйчүүд болсныг үнэллээ.
Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Х.Алтай Монгол, Куба хоёр улс хэдийгээр газар нутгийн хувьд хол ч гэлээ эдийн засаг, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн, шинэ шатанд гаргана гэж найдаж байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэн, гишүүдийн 25.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа сайн үр дүн гарсныг дурдав. Энэхүү үзүүлэлт нь бүс нутагтаа тэргүүлэх жишиг болж байгааг саяхан Улаанбаатарт болсон Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн VIII хуралд оролцсон төлөөлөгчид үнэлсэн гэдгийг онцлов.
Монгол Ардын Нам, Кубын Коммунист Нам хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, эмэгтэйчүүд, залуучуудыг чадавхижуулах зэрэг өргөн сэдвээр Нарийн Бичгийн дарга Х.Алтай, хатагтай Мариела Кастро Эспинтэй санал солилцов.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.