70001921
info@nam.mn
Мэдээ

ICAPP: “Улаанбаатарын тунхаг”-ийг батлав

Админ
2024/08/19

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Хуралдааныг хааж  Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, ICAPP-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн тэргүүн  Ч.Номин “Хуралд оролцсон төлөөлөгчдөдөө баярлалаа. Та бүгд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ. “Улаанбаатарын тунхаг”-ийг хэрэгжүүлэхэд гишүүн улс төрийн намуудын үүрэг оролцоо чухал. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдвэл нийгмийг тэгш, хүртээмжтэй болгодог. Соёл бол хүн төрөлхтнийг хил хязгааргүй нэгтгэдгээрээ онцлог. Энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлцгээе. Мөн бүс нутагтаа ICAPP-ын манлайллыг бэхжүүлнэ” хэмээлээ. 

Энэ удаагийн хуралдаанаар “Улаанбаатарын тунхаг”-ийг баталснаараа онцлог байв. УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Өнөөдрийн хуралдаанаар эмэгтэйчүүд тулгамдсан олон сэдвээр санал солилцсон, үр дүнтэй уулзалт боллоо. Манлайллаас гадна эрүүл мэнд, ажлын байрны аюулгүй байдлыг хөндөн хэлэлцлээ. Энэ чиглэлээр нэгдсэн стратегитай болбол бүс нутагт эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлнэ. Эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэхийн тулд боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Энэ бол улс төрийн намуудын гол чиглэл, зорилго байх ёстой” хэмээн “Улаанбаатарын тунхаг” баримт бичгийн агуулгыг танилцуулсан юм. 

БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурал (ICAPP)-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдсэнээрээ онцлогтой юм. Манай улсаас Монгол Ардын Нам анх 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ удаад Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдааныг ийнхүү амжилттай зохион байгуулав.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.