70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг сонгов

Админ
2024/07/06

Монгол Ардын Намын Бага хурлын V хуралдаан өчигдөр /2024.07.05/ болж зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ховд аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар удирдан явуулав.  

Хуралдааны эхэнд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонслоо.Тэрээр ковид цар тахлын хүнд цаг хугацааны дараа дэлхийн олон оронд болж буй улс төрийн сонгуульд эрх баригч хүчин ялсан анхны тохиолдол нь Монгол Ардын Намын ээлжит сонгуулийн ялалт болж байгааг онцолсон юм. 

Бага хурлын V хуралдаанаар Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар сүүлийн найман жил тасралтгүй ажиллаж, шат шатны гурван удаагийн сонгуульд намын сонгуулийн төв штабыг удирдан ажиллаж байсан Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон тул шинэ Ерөнхий Нарийн Бичгийн даргыг сонгов. Энэ албан тушаалд өмнө нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарыг нэр дэвшүүлж байгаагаа Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бага хуралд танилцуулж, гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Тэрээр Оюутны холбоо, Залуучуудын холбоо болон Намын Нарийн бичгийн дарга зэрэг намын удирдах албан тушаалд эртнээс ажиллаж байсан туршлагатай юм. 



Мөн Бага хурлын V хуралдаанаар Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Нарийн бичгийн дарга нарыг сонголоо. Тодруулбал, өмнө нь намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Ариунзаяа, О.Батнайрамдал нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул тэдний оронд Д.Сумъяабазар, Х.Алтай нарыг сонголоо. 

Мөн УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар сонгогдсон гишүүн Л.Мөнхбаатар, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарыг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгов.








ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.