УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилов.
Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар чуулганы хуралдаанд танилцуулав. Ерөнхий сайдыг томилох санал хураалтад 104 гишүүн оролцсоноос 103 нь Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийг дэмжиж, гишүүдийн 99 хувийн саналаар томиллоо.
Санал хураалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр:
-Юуны өмнө ардчилсан Монгол Улсын иргэн Танд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье. Энэ удаагийн парламент олон намын төлөөллөөс бүрдэж, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, нийт гишүүдийн 25 хувь болсноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давлаа. Мөн хамгийн олон инженер, эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн профессору, мэргэжлийн эксперт, эмч багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хилийн чанадад амьдарч буй монголчуудын төлөөлөл, нийгмийн зөвшилцлийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл болон дөрөв дэх засаглалын дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ч бүрэн хангагдсан байна. Энэ парламентад 81 гишүүн шинээр сонгогдсон нь нийт гишүүдийн 64 хувийг бүрдүүлж байна. Тийм ч учраас энэ бол АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ, ШИНЭ 30 ЖИЛИЙН ЭХЛЭЛ болж чадлаа.
Энэ удаагийн сонгууль зөвхөн парламентын хувьд шинэ 30 жилийг эхлүүлэх бус нийгэм, удаан хугацаанд хуримтлагдсан суурь асуудлыг шийдвэрлэхэд чухал цаг хугацаа байна гэдэгт итгэж байна.
Ерөнхий сайдын хувьд сонгогчдын санал бүхэнд хүндэтгэлтэй хандаж, дэмжигдсэн хөтөлбөр бүрийн давхцлыг олж, товч, тодорхой, үр дүнтэй хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгох болно. Энэхүү хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, олон улсын геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэргийг харгалзан дээр дурдсан зарчим, хөтөлбөрийг дэмжсэн тохиолдолд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Бид тэрбумуулаа биш ээ. Бид хэдэн зуун саяулаа ч биш. Монгол Улс шинэ 30 жилийг эхлүүлж, үсрэнгүй хөгжихөд монгол хүн бүрийн идэвхтэй ОРОЛЦОО чухал билээ гэлээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.