70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонголоо

Админ
2024/07/02


УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Монгол Ардын намаас тойрогт 50, намын жагсаалтаар 18, нийт 68 нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдож тангараг өргөлөө. УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх болсон Монгол Ардын намаас Ерөнхий Нарийн Бичгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлсэн тухай Удирдах зөвлөлөөс гаргасан тогтоол, нэр дэвшигчийн намтрыг УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан.

Иймд санал хураалтыг ил явуулахад гишүүдийн дийлэнх олонх нь УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжив. Тэрээр 2016 онд МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, 2022 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа юм.

Д.Амарбаясгалан: Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна

Шинээр сонгогдсон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын тамгыг хүлээн авсны дараа анхдугаар хуралдаанд үг хэллээ.

Тэрбээр “УИХ-ын даргын хувьд УИХ-д суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн түрүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, үндсэн хуулийг сахин ажиллана.   Төрийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой, илүү тодорхой, тогтвортой байх ёстой. Энэ удаагийн Улсын Их Хурал бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш гарааны боломжтой байх, эх орондоо элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх томоохон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх хууль, тогтоомжийг батлан ажиллана. Хувийн болон бүлгийн ашиг сонирхлоос ангид байж, төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, нийт монголчуудынхаа ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн, шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх нэр төртэй үүрэг, зорилт та бидний өмнө тавигдаж байна. Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна” хэмээв. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.