Дархан-Уул аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлснийг Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дарханчуудтай уулзах үеэрээ хэллээ.
Тэрбээр “Монгол Улсын хоёр дахь том хот, Бурхантын Хөндийн дарханчууд, иргэд сонгогчид та бүхэнтэй өнөөдөр дахин уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаа та бид авлигачид ялах уу, ард түмэн ялах уу гэдгийг сонгох хариуцлагатай сонголтын өмнө байна. Эдийн засаг унаасай, манай намд ашигтай, эрдэнэт хүний амь эрсдэхийг үүлэн чөлөөний нар гэж эндүүрч буй нөхдөд Ард түмэн нэгдмэл бас хүчтэй гэдгээ харуулахын тулд дарханчууд та бүхэн Монгол Ардын намыг, Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжээрэй” гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт 2021, 2022, 2023 онд ирж ажиллаж байсан. Тухайн үед дарханчууд орон нутагтаа шаардлагатай төсөл арга хэмжээг эрэмбэлж, саналаа өгсний дагуу Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замыг нээж, хууль бусаар хувьчлагдсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг төрийн мэдэлд эргүүлэн авсан. Мөн “Дархан арьс ширний цогцолбор” байгуулах хүрээнд 180 га газар олгож, төвлөрсөн дэд бүтэц татах ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Дархан хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 2024 оны нэгдүгээр сараас 20 шинэ автобус үйлчилгээнд явуулж эхэлсэн гээд дэд бүтэц, нийгэм, соёлын олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй юм.
УИХ-ын сонгуулийн 5-р тойрог төвийн бүсэд Монгол Ардын намаас Б.Жавхлан, Б.Тулга, Ж.Энхбаяр, Д.Өнөрболор, Г.Дамдинням, Ч.Ундрам, Ж.Батжаргал, Н.Лхагвадорж, С.Лүндэг, Б.Цогтгэрэл нар дэвшиж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед эдийн засаг -4.6 хувиас 7 хувь болж, валютын нөөц 5 тэрбум долларт хүрч, Хөгжлийн банкны өрүүдийг бүрэн төлж, цалин, тэтгэврийг 2 дахин, хөдөөгийн нэмэгдлийг 40 хувиар нэмэгдүүлсэн. Төсөв анх удаа 4 их наяд төгрөгөөр давж биелсэн, “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааныхаа өгөөжийг иргэд хүртэж эхэлсэн. Тиймээс шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлж, эхлүүлсэн ажлуудаа дуусгахын тулд төвийн бүсэд Монгол Ардын намаас нэр дэвшиж буй энэ 10 нэр дэвшигчийг багаар нь дэмжиж, үзэл санаандаа, үнэт зүйлдээ үнэнч байхыг Ерөнхий сайд дарханчуудаас хүслээ.
Монгол Ардын намын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд үйлдвэрлэл технологийн паркийг Дархан-Уул аймагт төрөлжүүлэн байгуулахаар тусгасан. Мөн орчин үеийн стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийг шинээр барьж, хог хаягдал ангилан ялгах цех байгуулах юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.