УИХ-ын сонгуулийн Xll тойрогт МАН-аас нэр дэвшигчид болох Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Ж.Алдаржавхлан нар намын мөрийн хөтөлбөр, санал шийдлээ танилцуулах ээлжит уулзалтаа Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны иргэд, сонгогчидтой хийлээ.
Уулзалтын үеэр иргэдийн зүгээс Яармагийн зэвтэй усны шугамын хоолойг солих ажил хэзээнээс эхлэх, дэд бүтэц буюу сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх талаар дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангаас асууж тодруулсан бол нэр дэвшигч Л.Нинжжамцаас нийгмийн төлөө хийж хэрэгжүүлэх ажлыг тодотгож асуув. Харин Төрийн соёрхолт эмч Т.Мөнхсайханаас ирээдүй хойч болсон үр хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг хэрхэн анхаарах тухай болон хүн амын эрүүл мэндийн төлөө юу хийх вэ хэмээн асууж, хариулт авлаа.
Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан:
-“Хан-Уул дүүргийн Засаг даргаар долоон жил зургаан сар ажиллажээ. Нийт 2500 өдөр та нарынхаа дунд ажилласан байна. Хорооныхоо гудамж талбай, хог шороо гээд та нарынхаа ажил амьдралыг маш сайн мэднэ. Тиймээс та нарыгаа төлөөлж Их хуралд нэрээ дэвшүүлж байна. Хороо, дүүрэгт ажиллаж байсан хүний хувьд тулгарч буй асуудлыг сайн мэднэ. Тиймээс шинэ түвшинд гарч ажиллах хэрэгтэй гэж үзсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хан-Уул дүүрэгт 22 цэцэрлэг, 10 гаруй сургууль барьж ашиглалтад оруулсан байна. Өдрөөс өдөрт хүн амын тоо нэмэгдэж байгаа учраас сургууль, цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ дийлдэхгүй байна. Нэмж сургууль, цэцэрлэг барина. 24 дүгээр хорооноос урагш хэсэг тусгай хамгаалалттай газар нутагт ордог болохоор сургууль, цэцэрлэг барих боломжгүй юм. Энэ хорооныхны хувьд зэвтэй усны асуудал бий. Усны шугам хоолойг засах ажлыг УСУГ эхлүүлсэн байгаа. 90 хоногийн хугацаанд угсарч дуусна. Ингээд та бүхэн цэвэр ус уух боломжтой болно.
Монголын мянга мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл, сэтгүүлзүйн тод төлөөлөл болсон Л.Нинжжамц:
-“Манай намаас Нийслэлийн хэмжээнд дөрөвхөн эмэгтэй нэр дэвшиж байгаа. Тэдний нэг нь би. Өөрийнхөө хүсэл мөрөөдөл олон ажлаа үргэлжлүүлэх, хууль санаачлахад миний дуу хоолой хэрэгтэй байгаа. Тиймээс та бүхний төлөөлөл болж чадна. Жендерийн тэгш эрх байдлыг хангах зорилгоор бүх намууд эмэгтэй нэр дэвшигчдийг явуулсан байгаа. МАН-аас нэр дэвшиж байгаа биднийг хамтаар нь, багаар нь дэмжээд өгөхийг хүсье. Монгол Улсынхаа хөгжлийн төлөө олон эрхзүйн баримтуудыг боловсруулж хангаж ажиллах боломжтой юм шүү.
Эгэл жирийн эмчээс Эрүүл мэндийн сайд болтлоо дэвшсэн Төрийн соёрхолт Т.Мөнхсайхан:
-Эрүүл мэндийн сайдын ажлаа хүлээлгэж өгөөд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол хүний эрүүл мэндэд юу сөргөөр нөлөөлж байна, түүнийг арилгах бодлогыг хэрэгжүүлж байна. Монгол хүний эрүүл мэндэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх шалтгаан нөхцөл өндөр байгаа нь тогтоогдсон. Дээр нь дутуу төрөлт, агаарын бохирдол, тамхидалт гэх мэт шалтгаанууд байна. Мэдээж хүүхдийн эрүүл мэндийн асуудалд анхаарна. Ер нь бага насны хүүхдүүд зүрх судасны өвчлөл өндөртэй байгаа судалгаа гарсан. Тиймээс багаас нь эрүүл мэндэд анхаарах зайлшгүй шаардлага үүсч байна. Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө ялангуяа залуусын эрүүл мэндийн төлөө ажиллана. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх тогтолцоог сайн нэвтрүүлнэ.
Харин сонгогчдын төлөөлөл гурван нэр дэвшигчид хандаж хэлэхэд “Нас залуу цус шингэн идэр насныхан байна. Та гуравт итгэж байна. Төрд түмнээ төлөөлж гараад их зүйл хийгээрэй. Та гурвыг сонгогдоно гэдэгт итгэл дүүрэн байна. Эрүүл мэндийн салбарт, эх хүүхдийн нийгмийн салбарт, хот бүтээн байгуулалт дэд бүтцийн салбарт их ажил хийнэ гэдэгт итгэж байна” хэмээн захиас захилаа.
- Долдугаар хорооны иргэд, сонгогчидтой уулзав -
УИХ-ын сонгуулийн Xll тойрогт МАН-аас нэр дэвшигч Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Ж.Алдаржавхлан нар мөн долдугаар хорооны иргэд сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонсож, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, асуусан асуултад нь хариулт өглөө.
Хан-Уул дүүргийн хэмжээнд 176 мянган сонгогчидтой бол 57 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Тус дүүргийн долоодугаар хорооны сонгогчид “Залуу хүмүүс төрд гарч төрийн бодлого боловсруулж, ард иргэдийнхээ төлөө их ажил хийх хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэнд, эх хүүхдийн асуудал, нийслэлийн дэд бүтцийн асуудалд нэр бүхий гурван дэвшигчийг ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээж байв.
Сонгогчдын зүгээс Төрийн соёрхолт эмч Т.Мөнхсайханыг эрүүл мэндийн салбараа маш сайн мэддэг хүний хувьд их хуралд гарч энэ салбартаа олон үр өгөөжтэй ажил хийгээрэй хэмээн захилаа. Харин хот нийслэлийн дэд бүтэц, бүтээн байгуулалт засаг захиргааны шинэчлэлийн төлөө Ж.Алдаржавхлан даргыг сайн ажиллана хэмээн үзсэн бол нэр дэвшигч Л.Нинжжамцыг охид эмэгтэйчүүдийн жендерийн асуудалд мэдрэмжтэй хандаж, нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэж, шийдвэрлэлцэж чадна гэдэгт иргэд итгэж байгаагаа хэлж байв.
Уг уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хан-Уул дүүргийн тухайд шилжилт хөдөлгөөн ихтэй. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хүн амынх нь тоо 100 мянгаар нэмэгдэж өнөөдрийн байдлаар 285 мянган иргэн оршин сууж байна. Дүүргийн хэмжээнд бүтээн байгуулалт их хийгдэж байгаа. Нисэхийн аюулгүй тойрог дөрвөн замын уулзвар, хоёр түвшний уулзвартай болж байгаа бөгөөд ажил нь энэ сарын 21-нээс эхэлнэ. Яармагийн зам долдугаар сарын 1 гэхэд ашиглалтад орно” хэмээн мэдээлэл өгсөн юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.