“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг Улаанбаатар хотод барьж, өнөөдөр /2024-06-18/ нээлээ. Энэ үеэр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзав. Энэхүү “Хөгжлийн бэрхшээл- Шийдэл гарц” уулзалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 200 гаруй төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцав.
Энэхүү уулзалтад УИХ-ын сонгуулийн VIII тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Монгол Ардын намын жагсаалтаар нэр дэвшигч, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал О.Саранчулуун, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга болон холбогдох бусад албаныхан оролцсон юм.
Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Монгол Ардын намын жагсаалтад нэг ч улстөрчийг оруулахгүй, харин нийгмийн салбар бүрийн төлөөллийг багтаасан. Тэдний нэг бол жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой, төлөөлөл болж ажиллах АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал О.Саранчулуун юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд анх удаа өөрсдийг нь парламентад бүрэн дүүрэн төлөөлж чадах, хүчтэй дуу хоолойтой болох боломж нөхцөл бүрдлээ. Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлж, 126 болгосон зорилго бол нийгмийн төлөөллийг нэмэгдүүлэх зорилго юм. Нийгмийн салбаруудын төлөөлөл тойрогт нэр дэвшиж гарч ирэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс бид намынхаа жагсаалтад эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, инженерүүд, үйлвэрчний эвлэл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухааны академи зэрэг салбар бүрийн бүх төлөөллийг багтааж, бусад улс төрийн намд үлгэр дуурайл үзүүллээ. Харин цаашид энэ шийдэл жишиг болж хэвшээсэй гэж хүсэж байна. Нийгмийн тухайн бүлгийг, тэр салбарыг хэн нэгэн улстөрч биш харин тухайн салбарын эд эс болсон хүн л бүрэн дүүрэн төлөөлж, тэдний хүчтэй дуу хоолой болж чадна. Тиймээс энэ түүхэн жишгийг үргэлжлүүлж, хэвшүүлэхийн тулд та бүхэн маань өөрсдөө нэгдэн дэмжиж авч явах хэрэгтэй шүү” гэв.
“Хөгжлийн бэрхшээл- Шийдэл гарц” уулзалтад оролцогчдын асуултыг шууд болон цахимаар авч, Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар хариулт өгөв.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тавьсан асуулт, санал хүсэлтийн дийлэнхийг парламентад төлөөлөлтэй болох боломж нөхцөлийг бүрдүүлсэнд, мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газартай, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төвтэй болсонд, түүнчлэн хараагүй хүмүүст зориулан намынхаа мөрийн хөтөлбөрийг баррель үсгээр хэвлэсэнд талархаж, Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайдын багийг дэмжихээ илэрхийлж, амжилт хүссэн сэтгэгдэл эзэлж байв.
Тухайлбал, “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг “Бидний жаргал зовлонг мэдэрч, ойлгодог хүн биднийг төлөөлж парламентад орох гэж буйд баяртай байна. Мөн бидний төлөөллүүд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр, мөн агентлагийн даргаар ажиллаж байгаа нь ахиц дэвшил юм. Энэ бол бидний бодит дуу хоолой төрийн бодлого шийдвэрт хүрч байна гэсэн үг. Харин одоо бид төрөөс бэлэн халамж хүсэх бус нэгдэж, хамтарч хийж бүтээх цаг болсон” хэмээгээд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт зочилж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хийж бүтээж буй зүйлтэй танилцахыг урилаа.
Энэ мэтчилэн уулзалтад оролцогчдын асуусан асуултад Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоонд тулгуурлаж орон сууцны асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг энэхүү уулзалт ойлгуулсан гэдгийг тодотгов. Тэрбээр “Баригдаж буй энгийн орон сууцанд стандарт тогтоох, мөн тусгайлсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага бий болжээ. Хамгийн чухал нь аливаа зүйлд өөсрдөө оролцох нь зөв хандлага. Төр засаг оролцоонд тулгуурлаж бодлого, шийдвэр гаргадаг байх ёстой. Харин нэг зорилго чиглэлийн төлөө ажиллаж буй байгууллагууд нэгдэж чаддаг байх хэрэгтэй. Хоорондоо нэгдэн нийлэх тусам та нарын дуу хоолой хүчтэй байж, тэр хэрээр хөрөнгө оруулалтыг бий болгож чадна” хэмээгээд нэлээд олон хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг хэрхэн дэмжих тухай асуулт асуусанд талархалтай хандаж буйгаа хэлээд тэрбээр “Энэ асуултыг олон хүн асууж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань итгэл сэргэж байна гэсэн үг. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн сонгуульд нэр дэвших тухай ойлголт боломжгүй мэт байдаг байсан бол бид энэ үзэл хандлагыг өөрчилж итгэл өгч чаджээ. Тиймээс орон нутгийн түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх тухайд хамтдаа гарц шийдэл эрэлхийлье” хэмээн хариулав.
Улаанбаатар хотод нээлтээ хийж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нь найман давхар, 4073.45 ам метр талбайтай бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан, олон улсын стандартад нийцсэн автомашины түр зогсоол, хөтөч зам, талбай байгуулжээ. Мөн барилгын нэг, хоёрдугаар давхрыг Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгатай хоолойогоор холбож, төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжоор хангасан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, ажилд зуучлах, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил олгогчид зориулсан сургалт зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, судалгаа инноваци болон хөдөлмөрийн сэргээн засалт, бизнес инкубаторын үйлчилгээ үзүүлэх гэх мэт өргөн хүрээний зорилготой төвийг 21 аймагт байгуулахаар төлөвлөснөөс одоогоор Архангай, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Ховд, Дархан-Уул аймагт барьж байгуулан ашиглалтад оруулжээ.
Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 111 мянга гаруй хүн байдаг. Үүний 88 хувь нь хөдөлмөрийн насных боловч дөнгөж 30 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа нь хөдөлмөр эрхлэх орчин нөхцөл, хууль эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой тул үүний засч сайжруулах чиглэлд анхаарч, тусгайлсан бодлого хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж, тодорхой хэмжээний ахиц дэвшил бий болгож байгаа гэдгээ УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тус төвийг нээж хэлсэн үгэндээ тодотгосон юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.