70001921
info@nam.mn
Мэдээ

Иргэд Ерөнхий сайдыг багаар нь сонгохоо илэрхийлж байна

Админ
2024/06/17

УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчид Хэнтий аймгийн Жаргалтхаан, Хурх буюу Гурванбаян тосгон, Батширээт, Биндэр суманд иргэд, сонгогчидтой уулзаж, зүүн бүсийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулав.

Чингис хааны өлгий нутаг, түүх, соёлын нөөц, экосистемд түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Бурхан Халдун, Буйр нуур, Алтан овоо зэрэг түүхэн дурсгалт газруудыг холбосон аялал жуулчлалын дэд бүтцийг шинээр хэрхэн байгуулах талаар болон тэдгээрийн ач холбогдлыг нэр дэвшигчид иргэдэд танилцуулав.

Нэр дэвшигч  У.Отгонбаяр бүсчилсэн хөгжлийн бодлого бол хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлж, хэт төвлөрлийг бууруулах бодлого. Зүүн бүс богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд орж, эдийн засгаа солонгоруулах боломжтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хийж хэрэгжүүлсэн ажил олон бий, үргэлжлүүлэх ажил ч байна гээд Ерөнхий сайдын тэргүүлсэн МАН-ыг дугуйлж, бүтнээр нь сонгож өгөхийг хүсэв. Нэр дэвшигч П.Анужин “Орон нутгийн хөгжил бол хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролоос эхэлдэг. Олон улсын стандартад нийцсэн бүсийн эмчилгээний төв байгуулахын төлөө бид хичээнгүйлж ажиллана. Багаар нь сонгохын чухал нь эдийн засгийг төвлөрүүлж чадна гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг төрүүлсэн, үргэлж зөв сонголт хийдэг Хан хэнтийчүүд та бүхэн минь Сэцэн ханы төлөө дахин ухаалаг сонголт хийгээрэй” хэмээн уриалав.

Нэр дэвшигч Л.Соронзонболд “Зүүн бүс нутгийг эрчимжсэн мал аж ахуй, боомт, түүхэн аялал жуулчлал гэсэн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр хөгжүүлнэ. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, газар тариалангийн тоног төхөөрөмжийг гаалийн импортын татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээ авна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох нөхцөлийг бүрдүүлнэ” гэв. Мөн энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор явагдаж байгаа тул тойрогт нэр дэвшигчдээс гадна МАН-ын жагсаалтаар нэр дэвшигчдийг дэмжиж, бүтэн багаар нь сонгохыг сонгогчдод уриаллаа.

Орон нутгийн хөгжил, иргэдээ сайхан амьдруулахын төлөө намчирхаж талцах нь буруу, мөрийн хөтөлбөрийг нь судалж сонголтоо хийх нь чухал. МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан эрчимжсэн мал аж ахуйг бүс нутгаар нь хөгжүүлэх, хөдөөгийн сэргэлтэд чиглэсэн арга хэмжээнүүдэд сумдын иргэд талархалтай хандаж байлаа. Түүнчлэн залуус сум орон нутагтаа ажиллах сонирхол их байдаг ч АН засагладаг сумдад улс төржилтийн улмаас хүнд суртал гаргах, төрийн албан хаагчдыг гадуурхах явдал байдаг. Иймэрхүү намчирхах үзлээс болж сум орон нутгийн хөгжил орхигдож байна гэх хүн цөөнгүй байв.

Мөн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайн ажиллаж байгаа. Бүсчилсэн хөгжлийн бодлого, “Шинэ хоршоо” хөдөлгөөн, байгалийн баялгаа ухах биш онгон дагшин байгаль, түүх соёлдоо тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх, баялгийн өгөөжийг иргэн бүр хүртэх, ажлын байр нэмэгдүүлэх нь зөв шийдвэр хэмээн ярих иргэн олон байв. Амлалтаа биелүүлж буй МАН-ыг дэмжиж, эхлүүлсэн ажлуудыг нь үргэлжлүүлэх ёстой гэж дээрх сумдын иргэд, малчид үзэж байна.

Тиймээс хөгжлийн бодлогоо улс орны хэмжээнд том зургаар гаргаж, бүсчилсэн агуулга бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж буй МАН-ыг  багаар нь дэмжихээ эдгээр сумдын иргэд илэрхийлж байлаа.

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигатай тууштай тэмцэж байгаа, нийгэмд олон эерэг өөрчлөлт авчирч байгаагаас орон нутгийн иргэд МАН-д итгэх итгэлээ батжуулж, түүний багийг үргэлжлүүлэн ажиллуулж, бүтэн үр дүн гаргуулах хэрэгтэй хэмээн үзэж байна. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.