70001921
info@nam.mn
Мэдээ

Сүхбаатарчууд Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ илэрхийллээ

Админ
2024/06/12

УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрог, Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан Монгол Ардын Намаас нэр дэвшигчид өнөөдөр /2024-06-12/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод сурталчилгаагаа эхлүүллээ.

МАН-ыг үндэслэгч, Их жанжнаараа овоглосон сүхбаатарчууд нэр дэвшигчдийг төв талбайдаа халуун дотноор угтан авч, Д.Сүхбаатарын хөшөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. Нэр дэвшигчдийн уулзалт эхлэх болоход хэсэг хугацаанд тодорхойгүй шалтгаанаар цахилгаан тасарч, төв талбайд цугларсан иргэд, сонгогчдыг багагүй чилээсэн юм. Үүнийг тус аймагт сүүлийн арав гаруй жилд Ардчилсан нам засаглаж байгаатай холбон тайлбарлах хүмүүс ч цөөнгүй байв.

Сүхбаатарчууд бол төрийн их тахилгат “Алтан овоо”, эрийн хийморийг сэргээсэн “Шилийн богд” шигээ уужим сэтгэлтэй ард түмэн гэдгийг Ерөнхий сайд онцлоод “Намайг Сүхбаатар аймагт ирэх бүрд ийм явдал болдог. Гэхдээ надад нэг зан байдаг. Энэ бол Сэцэн ханчуудын зан. Ингэх тусам улам хурцлагддаг. Тийм учраас би энэ тойрогт нэр дэвшиж байгаа юм. Сүхбаатар аймагт заавал Ардын Намаас нэр дэвшиж байгаа долоон хүн багаараа ялах ёстой” гэсэн юм.

Мөн тэрбээр зөвхөн орон нутагт ч бус улс орны хэмжээнд ардчилал танигдахааргүй болсон, С.Зоригийн мөрөөдсөн ардчилал гажуудсан. Ардчилал бол улсынхаа төв талбай, Зоригийн хөшөө, ногоон байгууламжийг булаах, хүн эрүүдэн шүүх эрх ямба, хэн нэгний хувийн өмч огт биш гээд Сүхбаатар аймагт ч шударга ёс алдагдсан гэж үзэхээр байгааг Ерөнхий сайд хатуухан шүүмжлэв. Ялангуяа системийн авлига бол хорт хавдар болчихсон учраас зайлшгүй реформ хийх цаг нь болсон. Энэ удаагийн сонгуульд МАН-ын дарга жагсаалтын эхэнд бичигдэлгүй, тойрогт нэр дэвшиж байгаа нь ч реформ. Энэ удаагийн сонгуульд авлигачид ялах уу, ард түмэн ялах уу, Монгол Улс урагшлах уу, ухрах уу гэдгийг шийдэх түүхэн онцлогтой гэдгийг тэрбээр зарим жишээгээр тайлбарлав.

Мөн энэ удаагийн сонгуульд хамт нэр дэвшихээр Сэцэн хандаа ирсэн Ухнаагийн Отгонбаяр, Пүрэв-Очирын Анужин, Мөнгөнцогийн Ганхүлэг, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нарыг өөрийнхөө багт тохиолдоор нэгтгээгүй, харин зүүн бүс нутгийн хөгжилд ирэх дөрвөн жилд тус тусдаа үүрэг, оролцоотой ажиллахаар ирснийг сүхбаатарчуудад дэлгэрэнгүй танилцуулав.

Монголын Ардын Намын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн гол цөм нь Бүсчилсэн хөгжлийн бодлого. Энэ дагуу зүүн бүсэд түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн түүхэн дурсгалт газруудыг холбосон тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах, Хэнтий, Сүхбаатар аймагт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжих, Сүхбаатар аймагт дулааны станцын хүчин чадлыг өргөтгөн дулаан хангамжийн системийг байгуулах, Эрээнцав, Бичигт, Сүмбэр боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүсийн эмнэлэг байгуулах, Боловсролын салбарт улсын хэмжээнд шинээр ерөнхий боловсролын сургуулийн барилгын төсөл хэрэгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн олон талт бодлого, зорилтыг мөрийн хөтөлбөрт тусгаж ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх гэж байгааг, мөн өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УИХ-аас төсөв, хөрөнгийг нь шийдвэрлэсэн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг Ерөнхий сайд дурдлаа.

Шинэ 30 жилийг шинэ тогтолцоогоор эхлүүлэхээр Сэцэн хан нутгаа, сүхбаатарчуудаа зорьж ирсэн учраас Ерөнхий сайдаа бүтэн багаар нь дэмжиж, түүхэн сонголт хийхээ сүхбаатарчууд илэрхийлж байв. 

Ардын намын ялалт АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ болж, наран ургах зүгийн Сэцэн ханчууд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд хэллээ.


 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.