70001921
info@nam.mn
Мэдээ

МАН: Нэр дэвшигчдийн материалаа СЕХ-нд хүлээлгэн өглөө

Админ
2024/05/25

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх хуулийн хугацаа өнөөдөр болж байна.

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Хүний эрх дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас оролцох нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр хүлээлгэн өглөө. 

МАН-аас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 78, жагсаалтаар нэр дэвшүүлэх 48 нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээлгэн өгөв.

Монгол Ардын намын Бага хурлын IV хуралдаан 2024 оны 05 сарын 20-нд хуралдаж, Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвших 126 нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулсан.

Нэр дэвшүүлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 30.6. /Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ/,  30.2. /Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь....аль нэг хүйсийнх байна./ гэсэн заалтыг хангаж, эмэгтэй 38 буюу 30.2 хувь, эрэгтэй 88 нэр дэвшигчийг  дэвшүүлжээ.

Нийт нэр дэвшигчийн дундаж нас 46 байгаа бол хамгийн залуу нэр дэвшигч 26 настай Завхан аймгийн СДМОХ-ны тэргүүн, Стратеги академийн судлаач Пүрэвдагвын Бодьсайхан, хамгийн ахмад нэр дэвшигч нь 72 настай Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Дүгэрийн Рэгдэл байгаа юм.

Нийт 126 нэр дэвшигчийн 66.7 хувь нь шинээр нэр дэвшиж байна. Үүнээс тойрогт 36 буюу 46.2 хувь нь анх удаа нэр дэвшиж байгаа бол, УИХ-д нэр дэвшиж сонгогдсон нь 42 буюу 53.8 хувь  байна.

Жагсаалтаар нэр дэвшигчид 100 хувь анх удаа нэр дэвшиж байгаа хүмүүс байна.

Боловсролын статистикийн тухайд дотоодын их, дээд сургууль төгссөн 57, гадаадад сургууль төгссөн 69 нэр дэвшигч байна.

Гадаад улс оронд суралцаж төгссөнийг улсаар нь ангилбал АНУ-д 26, Япон улсад 10, ОХУ-д 13, БНХАУ-д 4, бусад улс орнуудад суралцаж төгссөн 16 байна. /Харвард 10, Колумбын их сургууль 7 байна./     

Мэргэжлээр нь ангилбал инженер 17, эдийн засагч 28, багш 11, эмч 7, эрх зүйч, хуульч 23, сэтгүүлч 8, улс төр судлаач 10, бусад нарийн мэргэжлийн биологич, геологич, антропологи, архитектур 5, бусад мэргэжлийн 17 байна. Үүнээс магистр 69, доктор 21, профессор, дэд профессор 11 байна. 





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.