Засгийн газраас 2024 оны 3 дугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагт ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Дээрх төслийн талаар бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн гишүүд байр сууриа нэгтгэн дэмжихээр болсон талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.
Зуд турхантай байгаа энэ үед иргэдэд учирч буй дарамтыг бууруулах зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан. Энэ талаар МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож танилцуулга хийсэн талаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм.
Тэрээр “Гурилын үйлдвэрлэлийн монополыг задална, татвар тэглэх хугацааг тавихгүй, тариаланчидтайгаа хамтран ажиллана. Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар бодлогоор хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, улаан буудайн доод үнийг тогтоож, доод үнээс доош орсон тохиолдолд нөхөн олговор олгох замаар салбарыг хамгаална, дэмжинэ. Ингэснээр энэ салбар зах зээлийн жамаараа хөгжинө” хэмээн онцлов.
Мөн тариаланчдын төлөөлөл Засгийн газраас боловсруулсан энэхүү хуулийн төслийг дэмжиж байгаагаа Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай хамт мэдээлэл хийх үеэрээ хэлж байлаа.
Тухайлбал, тариалан эрхлэгч Л.Цандэлэг “Газар тариалан, гурил 2 нэг зоосны 2 тал биш, тусдаа зүйл. Тодруулбал, газар тариалангийн салбарт 2000 орчим компани будаа тариалж байгаа бол гурилын салбарт 5 гэр бүлийн эзэмшлийн компани л монопол болчихсон. Эдгээр гэр бүлээс гурилын үнийг чөлөөлөх ёстой гэж үзэж байгаа” гэв.
Мөн Монголын үндэсний тариаланчдын холбооны тэргүүн Д.Нарантэмүүжин, Хөвсгөл аймгийн тариаланч н.Ганбат нар мэдээлэлд оролцон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Төрийн ордонд ирсэн тариаланчдын төлөөлөл нийт монголчуудад тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол үнийн өсөлт, инфляц учраас өдөр тутамдаа голлон хэрэглэдэг гурилын үнийг бууруулах тухай Засгийн газрын энэхүү бодлогыг дэмжиж байлаа.
Мөн Засгийн газраас боловсруулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар аль болох яаралтай хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү хуулийн төслийн танилцуулгыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийв. Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс бүрдүүлсэн “Үндэсний баялгийн сан” бий болж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжинэ гэж үзэж байна. Ингэхдээ орон сууц, боловсрол, эрүүл мэндийн салбарт бэлэн бус хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх боломжийг хуулийн төсөлд тусгажээ. Бэлэн мөнгө болгон тараавал үнийн хөөргөдөл үүсэж, инфляц нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар улам доройтох учраас эрсдэлээс сэргийлж байна.
Мөн Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай нэг удаагийн хуулийн төслийг Засгийн газар боловсруулж бүлгийн гишүүдэд танилцуулж дэмжлэг авсан байна. Хүндхэн цаг үед хөдөөд, малчдад чиглэсэн бодлогыг тусгасан уг хуулийн төслийг УИХ-д өргөн барих юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.