Монгол Ардын Намын Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. МАН-ын 30 дахь Их хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6,7-ны өдрүүдэд хуралдаж, Бага хурлыг 479 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулсан билээ.
Энэ удаагийн Бага хурал “Цахим нам 2.0” системийг бүрэн нэвтрүүлсэн цаг хугацаанд болж байгаагаараа онцлог. Тодруулбал Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаараа “Шинэ зуун–Дэвшилтэт бодлого”-ын хүрээнд 5 чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн, 5 гол зорилтын хүрээнд бүх талаар хөгжиж, төлөвших зорилго дэвшүүлсэн. Эдгээр зорилтын нэг бол намын гишүүдийн идэвх оролцоог хангасан “Цахим нам 2.0” хөтөлбөр хэрэгжүүлэх байсан юм. Энэ нь намын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, гишүүн төвтэй болгох, технологийн дараагийн үе рүү шилжүүлэх зорилго байсан. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд “Цахим Нам 2.0” системээ гишүүддээ танилцуулж хэрэглээнд бүрэн нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл enam томоохон багц системийг хөгжүүлэн намын бүх гишүүний цахим мэдээллийг нэг санд бүртгээд байна. Энэ нь орон зай, цаг хугацааг үл харгалзан намын аливаа үйл ажиллагаанд гишүүн бүр бүртгүүлэх, оролцох, санал хүсэлтээ өгөх, идэвх оролцоогоо үнэлүүлэх боломжийг нээсэн юм.
МАН харилцаа холбоо, мэдээлэл, техник технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлэн, гишүүн бүртээ хүрч ажиллаж байна. Цаашид “цахим нам 3.0” системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Бага хурлын III хуралдаанд оролцох гишүүдийг цахимаар бүртгэж, хурлын үеэр төлөөлөгчдийн саналыг enam аппликэйшнээр дамжуулж авна. Намын гишүүдийн оролцоо, идэвхийг бүртгэн чадварлаг боловсон хүчнээ үнэлэх, сонгуульт ажил, албан тушаалд оролцох боломжийг нээж өгч байгаа дэвшилтэт систем бол enam аппликэйшн.
Бага хурлын III хуралдаанаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох эсэх, нэр дэвшүүлэх журам батлах, мөн 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батална. Цаг хугацааны хуваарийн дагуу улс төрийн намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн хугацаа энэ өдрүүдэд болж байгаа юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.