70001921
info@nam.mn
Мэдээ

Наурыз мейрамы құтты болсын!

Админ
21 цаг 3 минутын өмнө

Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосныг ерөөж, өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдрийг бэлгэшээн тэмдэглэдэг, нарыг тосох баяр – Наурызын баярын мэндийг Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа Казах түмэндээ дэвшүүлье.

Наурызын баяр бол улиран одож буй оныхоо ололт амжилтыг дүгнэж, ирж буй жилийнхээ өнгө төлөвийг билэгдэн тодорхойлдог, Казах түмний цагаан сар, үндэсний соёл, ёс заншлын салшгүй хэсэг юм.

Наурызын баярыг хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаасаа ч өмнө тэмдэглэж байсан түүхэн эх сурвалж байдгийг эрдэмтэн судлаачид өгүүлдэг. Тэгэхээр Наурыз бол зөвхөн Та бидний бус, нийт хүн төрөлхтний баяр юм. Тийм ч учраас 2009 онд ЮНЕСКО наурызын баярыг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 онд болсон Ерөнхий Ассамблейн чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг тунхагласан билээ.

Казахууд дэлхийн 40 гаруй улс оронд тархан суурьшиж, өв соёлоо хадгалан аж төрж байна. Тэдний дотроос хэл, соёл, ёс заншлаа хамгийн сайн хадгалж,  хойч үедээ өвлүүлэн үлдээж байгаа нь Монголын казахууд гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрчээ.

Иймд Казах түмэн маань наурызын баяраараа дамжуулан соёлын биет болоод биет бус өв, урлаг уран сайхан, хувцас, хоолны арвин соёлоо дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах нь эдийн засаг, аялал жуулчлалын салбарын хөгжил, цаашлаад бидний ондоошлын түвшинд онцгой ач холбогдолтой юм.

Өвөг дээдсийн удмыг залгаж, ухааныг өвлөсөн ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах иргэд маань эх орны тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд тэдний дундаас улс орондоо нэртэй, удам хойчдоо хүндтэй улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, соёл урлаг, боловсролын алдартнууд, эрдэмтэн мэргэд, хөдөлмөр бүтээлийн сайчууд олноор төрж гарсныг Наурызын баярын энэ өдөр бахархан дурдахад таатай байна. Казах түмэн цаашид ч эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн домборын уянгат аялгуу, мөнх хөх тэнгэрт дүүлэн нисэх бүргэдийн хийморь дор Наурызын баяраараа айл саахалт, ахмад буурлууддаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан, сайхан баярлаарай!

Перс хэлээр наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай. Наурызыг бас “Нарны баяр” хэмээдэг. Иймд шинэ өдөр бүр алтан нар дулаан илчээрээ та бүхнийг ивээж, улс эх оронд маань шинэ сэргэлтийг авчрах болтугай.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.