Монгол Ардын Нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөртөө иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага болон иргэд олон нийтийн саналыг нээлттэйгээр авч байгаа билээ. Энэ хүрээнд Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ) болон Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлөөс Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгуулах хамтарсан саналаа өнөөдөр хүргүүллээ.
МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, О.Батнайрамдал, МАН-ын дэргэдэх Стратеги Академийн захирал Д.Бумдарь нар МАОЭНХ-ны ерөнхийлөгч Х.Ганбаатар болон түүний зөвлөхүүдийг хүлээн авч уулзан хамтарсан саналынх нь талаар санал солилцсон юм.
МАОЭНХ нь 1990 онд байгуулагдсан үндэсний хэмжээнд 8500 гишүүнтэй, 21 аймаг, 9 дүүрэгт салбартай аж. Гишүүн холбоодын зүгээс Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгуулах хүсэлтээ илэрхийлсэн ерөнхий уриалга биш маш бодитой саналуудыг 6 бүлэг бүхий 38 санал болгон нэгтгэсэн талаар холбооны удирдлагууд онцлов. Тухайлбал, татварын шинэчлэлтэй холбоотой заалт, ногоон эдийн засгийг нэвтрүүлэх, хүний нөөцийн асуудал зэрэг асуудлыг чухалчилж буйгаа МАОЭНХ-ны ерөнхийлөгч Х.Ганбаатар хэллээ.
Тэрээр Бизнес эрхэлж буй ажил олгогч мэргэжлийн холбоод амьдралд ойрхон ажил хэрэгч саналууд илэрхийлснийг улс төрийн намуудын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт тусгуулах байр суурь гэж хүлээн аваасай гэж хүсэж байна. МАН-ын Нарийн бичгийн дарга нар бидний дэвшүүлсэн саналуудаас авах боломжтой хэмээн хүлээн авч байгаад талархалтай байна гэв.
МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа хэлэхдээ “Сүүлийн 30 гаруй жил Монголын ажил олгогчдыг хамгаалах талаар тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний хэмжээний томоохон байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. МАОЭНХ нь Хөдөлмөрийн тухай хууль болон ковидын үед ажил олгогчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр төр засагтай нягт хамтран ажиллаж байсан нийгмийн түнш юм. Тус холбоо хөрөнгө оруулалтын ээлтэй орчныг бүрдүүлэх, татварын тогтвортой орчныг бий болгох, зээлийн хүүг бууруулах гэх мэт тодорхой саналуудаа хэллээ. Эдгээр нь манай намын бодлогын суурь мөн байгаа” гэв.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.