Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, Стратеги академийн захирал Д.Бумдарь, МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга М.Мандхай нар өнөөдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Х.Буянжаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр МҮЭХ-ноос Монгол Ардын Намд “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг өглөө.
УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж буй энэ цаг хугацаанд МҮЭ-ийн холбооноос “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг нэгтгэн боловсруулжээ.
МҮЭХ нь иргэний нийгмийн томоохон байгууллага. Энэ ч утгаар нийгэм, эдийн засаг, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, аж байдлын өнөөгийн нөхцөлийг харгалзан 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдэд хандаж улс орны тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөрийн чиглэлээр “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг боловсруулсан байна. Баримт бичигт МҮЭХ-ны 36 гишүүн байгууллага, 3.000 гаруй анхан шатны хороодоос ирүүлсэн санал нэгтгэгдсэн байна. Энэхүү баримт бичиг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин орлогыг сайжруулах, хүний хөдөлмөрлөх эрхийг хангах, нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг олон асуудлыг тусгажээ.
МАН: ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССООС ИРҮҮЛСЭН САНАЛЫГ АВЛАА
Мөн энэ өдөр Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссоос Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүллээ. Хүний Эрхийн Үндэсний Комиссоос хүргүүлж буй саналд хүний эвлэлдэн нэгдэх эрхийн хүрээнд “Төрийн бус байгууллагын тухай хууль”, хэвлэн нийтлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийн хүрээнд “Хэвлэл мэдээллийн тухай хууль”, улс төрийн асуудлын хүрээнд “Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”-иудыг шинэчлэх шаардлагатай байгаа саналаа хэллээ. Мөн үүнээс гадна хүүхдийн эрхийн асуудал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлыг хөндсөн саналаа хүргүүллээ.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Хүний Эрхийн Үндэсний Комиссын ирүүлсэн эдгээр саналуудыг МАН судалж, УИХ-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах юм. Монгол Ардын Нам 2024-2028 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа бөгөөд “Enam” аппликейшн, election2024@nam.mn цахим шуудан, Монгол Ардын Намын nam.mn вэб сайтаар дамжуулан иргэд, олон нийтийн байгууллагын санал хүсэлтийг авч байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.