70001921
info@nam.mn
Мэдээ

Д.Амарбаясгалан: Монгол Ардын Нам шударга ёсны засаглал бий болгох амлалтаа биелүүлэхээр бүхий л чиглэлээр ажиллаж байна

Админ
2024/03/01

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн "Монголын Үнэн" сонинд өгсөн ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна. 

-Өнөөдөр Монгол Улсад улс төрийн анхны нам байгуулагдсан өдөр. Тиймээс ууган намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд танд Эх орончдын өдрийн баярын мэнд хүргэж ярилцлагадаа орцгооё.

-Баярлалаа. “Монголын үнэн” сонины уншигчид болон нийт ард иргэддээ энэхүү түүхэн ерөөлт өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

Одоогоос 100 гаруй жилийн тэртээ Монгол Улс Манжийн дарлалаас ангижирсан ч тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа алдах дээрээ тулаад байсан хүнд цагт үндэсний засаг төрөө сэргээхээр Нийслэл хүрээнд байгуулагдсан хоёр нууц бүлэг нэгдэж, 1921 оны гуравдугаар сарын 1-3-нд Дээд шивээ хотноо болсон зөвлөгөөнөөр удирдах байгууллага-Төв хороог сонгон, мөрийн хөтөлбөр “Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийг баталж, Ази тивийн улс төрийн анхны хүчний нэг, Монгол Ардын Нам байгуулагдсан түүхтэй. Үндэсний эрх чөлөө, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын төлөө хичээн зүтгэж амь насаа харамгүй зориулсан олон эх орончийн баатарлаг үйлсийг үеийн үед дурсан санаж байх үүднээс жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 20 жил болж байна. Эх орончдын өдөр бол дан ганц Монгол Ардын Намын баяр бус тусгаар тогтнолоо тунхаглан зарласан Монгол Улсын иргэн бүр түүхээ сэргээн санаж, тодотгон, хойч үедээ таниулах чухал тэмдэглэлт өдөр юм.

-Урьд өмнө, нэлээд хугацаанд МАН парламентын сонгуулиар олонх болсон үед, Ерөнхий нарийн бичгийн дарга нар нь төрийн өндөр албан тушаал авдаг байв. Гэвч та МАН-ын сонгуульд ялсан хэд хэдэн тохиолдолд төрийн өндөр албан тушаал горилсонгүй, намдаа тогтвортой ажиллаж олон жилийн нүүр үзлээ. Энэ нь таны хүсэл, зорилго байж. Таныг 2022 оны намар Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилж, улс төрийн томоохон үүрэг давхар хүлээлгэсэн. Та ямар учраас зөвшөөрсөн юм бэ?

-2016 оноос хойших бүхий л сонгуулиудад миний бие сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан. Өнөөдөр парламентын гурав дахь сонгуульд оролцох гэж байна. Өнгөрсөн хугацаанд би бүхий л анхаарлаа улс төрийн намын шинэчлэлийг бодитой хийхэд төвлөрсөн. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн эрх мэдэл, боломжийг энэ нийгмийг сууриар нь өөрчлөх, томоохон шинэчлэлийн бодлогуудыг хийхэд зориулахаар ажиллаж байна.

МАН-ын 30 дахь Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд намын болон Засгийн газрын шууд хамтарсан бодлого, үйл ажиллагаа чухал болсон юм. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах нь цаг үеийн шаардлагаас гарсан. Тэгээд л би намын дарга, Ерөнхий сайдын саналыг хүлээж авсан. Ер нь хэн ямар албан тушаал хаших нь сонин биш, гол нь намынхаа бодлогыг эв санаа нэгтэйгээр хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм.

Үүний үр дүн ч чамлахааргүй ахиц гарсан гэж бодож байна. Ялангуяа Хөгжлийн банкны найдваргүй гэж байсан 1.8 их наяд төгрөгийн зээлийг төлүүлэх, төрийн өмчийн томоохон үйлдвэрүүдийг төрдөө эргүүлэн авах, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд чадамжтай төрийн албыг бий болгох, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эргэн тойронд гарсан хулгай, менежментийн буруу загварчлалыг өөрчлөхөд анхаарч ажиллалаа. “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрүүдийг төрд эргүүлэн авч чадлаа. Нүүрсний хулгайтай тэмцэж, далд байсан оффтек гэрээнүүдийг ил болголоо. Хуйвалдаж, хулгайлж нүүрс авдаг, зардаг хэдхэн бүлэглэл үүсээд байсныг таслан зогсоолоо. Үүний үр дүнд 2023 оны эхний хагас жилд төсвийн орлого 1.7 их наяд төгрөгөөр давж биелэн, төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ тэтгэмжийг нэмж чадлаа. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн  20 хувийн хувьцааг ард иргэддээ эзэмшүүлэх шийдвэр гаргаж байсан хэдий ч иргэдэд бодитой үр ашгаа өгч чадалгүй ирсэн. Үүнийг бид өөрчилж 1072 хувьцааг амь оруулж, энгийн хувьцааны төрөлд оруулж чадлаа. Ард иргэд, хувьцаа эзэмшигчид маань ногдол ашгаа хүртдэг боллоо шүү дээ. Энэ онд 2022 оны ногдол ашиг 104.000 төгрөг олгож нийт иргэдийн 97 хувь нь хувьцааныхаа ногдол ашгийг авсан. Удахгүй 2023 оны ногдол ашиг 256.000 төгрөг олгохоор байгаа юм. Хувьцааны ногдол ашиг цаашдаа бодитой өсдөг, хувьцаа хөрвөх чадвартай, баталгаатай болсон нь туйлын ач холбогдолтойн дээр хувьцааны нэрлэсэн үнэ бодитой өсөх боломж нь бүрдлээ.

-Засгийн газар шударга ёсны төлөө авлигатай тэмцэнэ гэж зарласан. Гэвч хариуцлага хүлээсэн хүн цөөхөн. Шүүхээр орсон ч бага ял авч байгаад иргэд сэтгэл дундуур байна шүү дээ?

-Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны өр зээл, боловсролын зээлийн  сангийн гээд олон асуудлыг Засгийн газар өөрөө сөхөж гарган ирж, шүгэл үлээсэн. Ард түмнээсээ, сэтгүүлчдээсээ дэмжлэг хүссэн. Тодорхой үр дүнд ч хүрсэн. Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллага авлига, нүүрсний хулгайн асуудлыг шалгаж, шүүх рүү шилжүүлж байна. Гэхдээ удаан байгаа нь үнэн. Шүүх Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хууль бусаар хувьчлан авч, “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мөнгөөр худалдаж авсан Д.Эрдэнэбилэгээс гурван тэрбумын барьцаа авч, хилийн хоригийг нь цуцлангуут хил даваад явчихсан. Одоо хэрэг нь шүүхээс буцаад прокурорт шилжсэн байдалтай л байна. Зөвхөн энэ асуудал бүтэн долоон жил шүүх прокурорын хооронд явж байна. Гэсэн хэдий ч Засгийн газрын төлөөлөгчид хуульд заасан бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

-Авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн талаар мэдээлэл их байна. Ард иргэд ч өөрсдөө ийм төрлийн гэмт хэргийг маш сайн ойлгодог, жигшиж байна. Тиймээс л шүүхийг бас шахах ёстой, авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд ямар нэг өршөөл байх ёсгүй гэж үзэж байна л даа?

-МАН 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо шударга ёсны засаглал бий болгох амлалтыг ард түмэндээ өгсөн. Энэ амлалтаа биелүүлэхээр бүхий л чиглэлээр ажиллаж байна. Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, бүх шатны шүүхийн томилгоонууд дахь тодорхой субьектийн нөлөөлөл, улс төрийн болон бусад ашиг сонирхлыг арилгах, шүүхийг мерит зарчмаар томилон бүрдүүлж хараат бус, хариуцлагатай шүүх тогтолцоог бий болгох, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог улс төрөөс хараат бус, мэргэжлийн байх зарчмаар сонгон бүрдүүлэхээр өөрчиллөө. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах, хөрөнгийг нь хураах, хохирлыг нөхөн төлүүлэх заалтыг нэмж оруулан, ялын бодлогыг чангатгасан. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийддэг эрх зүйн орчныг хүчингүй болгох, хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг хуульд тусгасан. Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар хуульдаа заалаа. Засгийн газраас 2023, 2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, шүүр, шүгэл, шилжүүлэн авах, шувуу, шилэн гэсэн өөр өөрийн онцлогтой, авлигын эсрэг ажиллагааг хэрэгжүүллээ. Энэхүү ажиллагаанууд нь Засгийн газрын авлигын эсрэг бодлого болон АТГ-аас явуулсан үйл ажиллагаануудад тодорхой дэмжлэг үзүүлж чадсан. Бүхий л тусгай сангаас авсан зээл тусламж, хөтөлбөрийн дэмжлэг, нийслэлийн газар олголтыг хүртэл ил тод мэдээлж, иргэд хариуцлага нэхдэг, зээл авсан нь төлдөг боллоо. Улсын Их Хурлаас 2023 оны долдугаар сард Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр төрийн өндөр албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилгүй байхад анхаарч, өөрөө болон хамааралтай этгээд нь төсвийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах, төрийн худалдан авах ажиллагаанд оролцохыг хориглосон заалтыг тусгасан. Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлт 2024 оны УИХ-ын сонгуульд үр нөлөөгөө үзүүлэх болов уу гэж харж байна. Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, нийслэл, дүүрэг, аймгийн Засаг дарга нар тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдүүд, хамаарал бүхий этгээдүүд энэхүү хуулийн хязгаарласан, хориглосон заалтад хамаарна. Энэ нь цаашид улс төр, бизнесийн эрх ашиг холилдохгүй байх, төрийн өндөр албан тушаалыг хувийн ашиг хонжоо олох, өөртөө давуу байдал бий болгох гэж харахгүй байх, төрийн алба тунгалаг болоход их том хөшүүрэг болно. МАН-ын 30 дахь Их хурлын үеэр авлигатай тэмцэх асуудалд хэд хэдэн зүйлийг онцгойлон оруулж ирсэн. Нэгд, намаас сонгогдож, томилогдсон бүх түвшний албан тушаалтнуудын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх. Хариуцлага, ёс зүй алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцдог байна. Хоёрт, намын дүрэмдээ өөрчлөлт оруулна. Зөвхөн намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд авлигатай тэмцэнэ гэж дурдаад өнгөрөөгүй. Намынхаа дүрэм, хөтөлбөрт авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, яллагдагчаар татагдсан этгээдүүдэд улс төрийн хариуцлага тооцох механизмыг бодитоор хийж дүрэмдээ тусгасан. Энэ бүх амлалт өнөөдөр ажил хэрэг болоод явж байна. Намынхаа дүрэмд өөрчлөлт оруулаад зогсохгүй Сонгуулийн болон Төрийн албаны тухай хуулиар авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нэр дэвшүүлэхгүй, төрийн албан тушаалд томилохгүй байх үүрэг хүлээж байна.

МЕГА ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ БОДИТ АЖИЛ БОЛГОХ НЬ ЗӨВХӨН МАНАЙ НАМЫН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ МАНАЙ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ ЮМ

-Олон жил гацсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг парламентад суудалтай намууд нийлээд УИХ-д өргөн барихаар боллоо. Зөвшилцөж, хэлэлцвэл ойлголцохгүй юм байхгүйг та бүхэн харууллаа. Улс төрд шинэ жишиг тогтоолоо. Ийм ойл­голцолд хүрэхэд хүнд байв уу, зовлон, бэрхшээл юу байсан бэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “...Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасан. Гэвч өнөөдрийг хүртэл бид Үндэсний баялгийн сангаа хэрхэн байгуулах вэ гэдгээ шийдэж чадахгүй маргалдсаар ирсэн. Нөгөө талдаа эрх барьж байгаа нам дангаараа хүч түрээд хийнэ гэдэг бас өрөөсгөл. Энэ бол иргэд олон нийт, бусад улс төрийн намуудтайгаа хамтарч, тэдний дуу хоолой, үзэл бодлыг нь сонсож, зөвшилцөж хийх ажил. Тиймээс баялгийн суурь реформ хийх зөвшилцөлд парламентад суудалтай намууд хүрч чадлаа. Улс төрийн бусад намуудтай ойлголцоход цаг хугацаа нэлээд зарцуулсан. Бэрхшээлгүй ажил гэж байхгүй шүү дээ.

 

Д.Амарбаясгалан: Тойрогт барьцаалагдсан ашиг сонирхлыг үгүй болгож, бодлогоор өрсөлддөг, зөвшилцлийн улс төр бий болно

 

-Шинэ сэргэлтийн бодлого, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримтууд цааснаас амилж, хот хөдөөг сэргээх, боомтыг сэргээх ажлууд хийж, бүсчилсэн хөгжлийн бодлого хөдөлгөөнд орлоо. Нийгэм-эдийн засаг руу чиглэсэн галт тэрэг хөдөлсөн. Гэхдээ олон нийт үр дүнг нь хэзээ хүртэх вэ гэдэг асуултыг л сонирхож байна?

-“Ковид-19” цар тахлын болон ОХУ-Украины дайнаас үүдэлтэй эдийн засаг, геополитикийн сөрөг нөлөөлөл гээд олон саад бэрхшээл дундуур Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажилласан. Олон ч ажлыг эхлүүлээд байна. “Эхлүүлээд авна гэдэг нийт ажлын тал хувь нь” гэж ярьдаг. Тиймээс эхлүүлсэн, хөдөлгөсөн. Иргэд, олон нийтэд хүрэх өгөөж нь салбар бүрд өөр л дөө. Төрийн өмчит компани болох “Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд 2020 онтой харьцуулахад борлуулалтын орлого дөрөв дахин өсөж 17.9 их наяд төгрөгт хүрч, түүхэндээ анх удаа 5.1 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ үзүүлэлт нь төрийн өмчийн компаниудын засаглалыг өөрчилсөн, менежментийн шинэчлэл, бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулсны үр дүн бөгөөд 1072 хувьцаа ч амь орсон хэрэг. Нөгөө талаас 2023 онд Боомтын сэргэлтийн хүрээнд анх удаа нүүрсний экспорт 69 сая тонн болон нэмэгдэж, манай улсын нийт ачаа тээврийн эргэлт 100 сая тоннд хүрсэн он жил байлаа. Цаашид ч гол экспорт, импортын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Булган, Хавирга, Цагааннуур, Бичигт боомтуудын хүчин чадлыг 3-4 дахин нэмснээр жилдээ 150 сая тонн ачаа тээврийн эргэлтийг бий болгох юм. Үүнийг дагаад Хөдөөгийн сэргэлт биеллээ олж, шинэ хот суурин бий болж, ажлын байр олноор бий болох боломж бүрдэнэ. Одоо эрчим хүчний салбар хүнд нөхцөл байдалд байна. Бид цаашид зөвхөн нүүрсний эрчим хүч, импортын эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ хангаад явна гэдэг бэрхшээлтэй болж байна. Парисын 2015 оны хэлэлцээрээр хүлэмжийн хийг бууруулах, нүүрсний хэрэглээг хумих олон улсын гэрээ байгуулсан. Энэ нь манай улс цаашид олон жил нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх, цаашлаад зээл, хөрөнгө оруулалт татах боломжийг хааж байгаа хэрэг. Тиймээс ураны салбарт тэргүүлэгч Бүгд  найрамдах Франц улсын “ОРАНО” групптэй Монгол Улсын Засгийн газар хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн аравдугаар сард байгуулсан. Цаашид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна экспортлох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд хүний нөөцөө бэлтгэх, төслийн хөрөнгө оруулалтыг босгох гээд тавьсан зорилго их байна. Энэ мэтчилэн мега төсөл, хөтөлбөрүүдийг бодит ажил болгох нь зөвхөн манай намын гэхээсээ илүү Монгол Улсын үндэсний эрх ашиг юм.

-Монголчууд бүсчилсэн хөгжлийн тухай яриад 20 гаруй жил боллоо. Гэхдээ үр дүнд төдийлөн хүрч чадаагүй шүү дээ?

-Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл хотод хүн амын 50 хувь нь төвлөрч, агаарын бохирдол, авто­замын түгжрэл, эдийн засгийг тэлэх боломжгүй болж, мухардалд орон гацаж, орлогын тэгш бус байдал бий болсон. Тиймээс ч 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, ажлуудаа зоригтойгоор эхлүүлээд байна. 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын 50 хувийг орон нутагт тавьсан. Монгол Улсын эдийн засаг, байгаль, цаг уур, хөдөө аж ахуй, уул уурхай, газар тариалан, аялал жуулчлал гээд газар зүйн онцлогоос хамаараад зургаан бүс болгон хуваасан. Энэ нь дэд бүтэц, аж үйлдвэрийг эрчимжүүлэх, эрчим хүчний хэрэглээ, нийгмийн үйлчилгээнүүдийг чанартай, хүртээмжтэй болгоход чиглэж байгаа юм. Үүнтэй уялдуулж сонгуулийн тойргоо ч өөрчиллөө. Жалга довны улс төрөөс бүсийн хөгжил, цаашлаад улс орны нийтлэг эрх ашгийн төлөө дуугардаг, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг шинэ тогтолцоог бүрдүүлж байгаа хэрэг.


-Үндсэн хуульдаа өөрчлөлт орууллаа. Гэхдээ үе үеийн парламент гишүүдийн тоог нэмэх асуудлыг ярьдаг ч шийдэлд хүрч чадахгүй удаан “зовцгоосон”. Харин энэ асуудлыг та бүхэн шуурхай шийдчихлээ гэж улстөрчид харж байна?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд зарим хүний төсөөлж байгаа шиг амархан байгаагүй. Нэгдүгээрт, ард түмэнд тогтолцооны өөрчлөлтийг ойлгуулах. Хоёрдугаарт, улс төрийн намуудтай зөвшилцөх шаард­лагатай болсон. Үүний тулд нийгмийн олон бүлэгтэй уулзаж ярилцан тэдний саналыг авсан. Хуульчид, эмч багш нар, төрийн албан хаагчид, тусгай хэрэгцээт иргэд, ахмад, дунд үеийнхэн, залуучуудын дуу хоолойг сонссон. Улс төрийн бүхий л намын удирд­лагуудын үгийг сонсож, саналаа нэгтгэсэн. Яагаад гэвэл бид эцэг хуулиа өөрчилж, Монгол Улс тогтолцооны өөрчлөлт хийх гэж байхад амар хялбараар асуудлыг шийдэж болохгүй гэдэг байр суурьтай байсан хэрэг. Иргэд маань ч “Зөв юм байна. Хэдхэн хүн асуудлыг шийдээд байж таарахгүй” гэдэгтэй санал нэгдсэн. Улс төрийн намууд ч гэсэн 30 жил явж ирсэн тог­толцоонд маань асуудал байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлийн хэт их төвлөрлийг бууруулж, нийгмийн олон талын дуу хоолой парламентад ажиллах боломжийг бий болгох учиртай тоо, тогтолцооны өөрчлөлтийг баталж чадсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэдхэн хүний эрх ашгийг хангадаг тогтолцоогоор улс орны амин чухал асуудлууд хаягдаж иржээ. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тойрогт барьцаалагдсан ашиг сонирхлыг үгүй болгож, бодлогоор өрсөлддөг, зөвшилцлийн улс төр бий болно. Товчхондоо 76 гишүүн, эрх мэдэлтэн гэсэн ойлголт 126 төлөөлөгч гэсэн зарчим руу шилжиж, хууль тогтоомжууд мэргэжлийн хэлэлцүүлгийн дор батлагддаг жишиг бий болж байна. Үүний үр дүнд улс төрийн намууд үзэл баримтлалтай, бодлого, гарц, шийдэл ярьдаг болон төлөвшиж эхэлнэ. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт бол эрх мэдэл, албан тушаал дагасан авлига, ашиг сонирхлыг устгах суурь нь байх юм. Шинэ 30 жилийг эхлүүлж буй энэ цаг хугацаанд ардчилал, парламентын засаглалыг улам бэхжүүлэх эхлэлийг тавьж чадсан гэж харж байна.

-УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн сар үлдээд байна. Монголчууд анх удаа 126 гишүүнээ сонгоно. Эрх баригч нам тойрогт хэнийгээ өрсөлдүүлэх бол, хэн жагсаалтыг тэргүүлэх бол гэсэн тандалт, ажиглалт хэдийнэ эхэлжээ. МАН нэр дэвшигчдээ ямар шалгуур тавих вэ?

-УИХ-ын сонгуульд бүсийн хэмжээнд 78 нэр дэвшигч долоон бүсэд, нийслэлийн зургаан тойрогт нэр дэвшинэ. Харин намын жагсаалтад 48 хүний нэр бичигдэнэ. Бид өмнөх сонгуульд оролцохдоо судалгаанд суурилан нэр дэвшигчдээ тодруулж, энэ зарчмаар сонгуульд амжилттай оролцож ялалт байгуулж ирсэн. Тиймээс энэ удаагийн сонгуульд ч мөн тухайн бүс нутагтаа нэр хүндтэй, ёс зүйтэй, олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн хүмүүс л нэр дэвших мандатаа авна. Нөгөө талаас намын жагсаалтад нийгмийн олон бүлгийн төлөөллийг оруулах, ялангуяа эмэгтэйчүүдийг сөөлжлөн бичих болсон нь жендэрийн хувьд томоохон ахиц дэвшил авч ирж байгаа юм. Манай нам жагсаалтад мэргэж­лийн хүмүүс нөгөө талдаа нийгмийн олон бүлгийн төлөөллийг багтаахаар судалгаа хийж байна.

Д.Амарбаясгалан: Нам гэдэг нэрээр халхавчилж, хариуцлагаас бултдаг байдал арилах ёстой

-МАН энэ удаа авлигад хамааралтай нэг хэсэг гишүүдээ ялгаж, улаан шугамын гадна үлдээгээд сонгуульд орох гэж байна. Сон­гуульд нэр дэвших эрх авч чадаагүй гишүүд “Гомдогсдын арми” байгуулах, намынхаа эсрэг ажиллах тохиолдол өмнөх бүх сонгуульд давтагдсан. Энэ удаа ийм эрсдэлийг хэрхэн зохицуулахаар тооцож байна вэ?

-Нам итгэл хүлээлгээд улс төрийн болон төрийн албанд томилсон хүн олон бий. Гэхдээ шүүхээр гэм буруугүй гээд нотлох баримт сэлтээ аваад ирж байгаа хүмүүс ч байна. Энэ бүх хүнд намын дүрмийн дагуу хариуцлага тооцогдоод, буруугүй бол бүх шатанд нэр дэвших, улс төрийн дэмжлэг авах эрх нь нээлттэй. Гомдоод байгаа гишүүд, хувь хүн өөртөө л дүгнэлт хийх хэрэгтэй. Монгол Ардын Намын үзэл баримтлал, ёс зүйн сахилга батыг хэн ч гэсэн даган мөрдөх үүрэгтэй. Түүнээс биш нам гэдэг нэрээр халхавчилж, хариуцлагаас бултдаг байдал байхгүй болох ёстой гэдгийг бүх шатны намын гишүүд ойлгох хэрэгтэй. Сонгуульд нам ордгоороо л орно, хэн нэгэн хүнээс хамаараад сонгуулийн үр дүн өөрчлөгдөх зүйл байх нь зохимжгүй.

-Намын дүрэмд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүстэй хариуцлага тооцох заалт орсон. Нөгөө талдаа сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа томоохон гэмт хэрэгт МАН-ын гишүүд нэр холбогдож байна. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд та үүнд ямар бодол, байр суурьтай байна вэ?

-Хэцүү асуулт байна. Нэг үед хамт ажиллаж байсан, нэг үйлс зорилго яриад явж байсан зарим нөхөд маань гэнэт гэмт хэрэгт холбогдож байгааг сонсох амар биш. Гэхдээ бидэнд улс орны эрх ашиг гэж бий. Хууль, дүрэм гэж бий. Хуулиа баримталж, хуулийн дагуу асуудлаа шийдүүлж, гэм буруутай эсэхээ тогтоолгох л шаардлагатай. Эвийлж хаацайлж, эсвэл хэн нэгнийг гэмт хэрэгтэн болгох гэж оролдох шаардлага байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу л шийдэгдэх ёстой. Ингэж байж бидний хүсэн хүлээж байгаа шударга ёс бий болно.

-Хөгжлийн банкны, нүүрсний сонсголууд явагдаж, буруутай этгээдүүд шүүхээс ял сонсож, завшсан хөрөнгөө эргүүлэн төлсөн бужигнаантай жилүүд үргэлжилж байна. Нэмээд нийслэлийн газар олголт, лиценз, ногоон автобус, нийтийн тээврийн асуудлаар сонсголууд хийнэ гэдгээ Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Сонгуулийн өмнө энэ сонсголуудыг хийж амжих болов уу?

-Монгол Улсын Ерөнхий сайд, намын даргын хувьд нэг хатуу зарчим баримталж байгаа. Түүнтэй нь би ч санал нэг байна. Тэр нь юу вэ гэвэл олон нийтийн бухимдал төрүүлсэн, төрийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, авлига албан тушаалын гэмт хэргийг зарлаад зогсохгүй хатуу хариуцлага тооцох ёстой. Бид шударга ёсны тэмцлийн үр дүнг үзэх гэж эхлүүлсэн. Одоо дундаас нь хүнд хэцүү байна гээд хаях эрх байхгүй. Хуулийн хариуцлагаас бултаж байгаа хүмүүстэй улс төрийн хариуцлага тооцох боломж нь бидэнд байгаа юм. Улс төрийн эрх мэдлийг урвуулан ашигладаг этгээдүүд манай намд ч цөөнгүй гарч ирж байна.

Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намынхаа эв нэгдэл, гишүүдийнхээ итгэлийг алдчихгүй юмсан гэдэг итгэл үнэмшлээр зарим нэг зүйл дээр тэвчээр зааж байхгүй бол чулуу шидсэн болгонтой олон нийтийн өмнө гарч ирээд байх нь зохимжтой биш юм даа. Дан сайд, эсвэл гишүүн байсан бол ч 300 мянган гишүүнийхээ гэхээсээ илүү хувь хүнийхээ өмнөөс дуугарах амархан байх. Ер нь сонсгол гэдэг зүйлийг улс төрийн зорилгоор ашиглах эрсдэлтэй олон асуудал байгааг олж харсан. Магадгүй тухайн хэргийн жинхэнэ эзэд ард нь байж чиглүүлээд, тэмцэж байгаа улсууд руу галыг нь шидчих зэвсэг ч болох боломжтой гэж. Шинжээчид нь нягтлаагүй, эсвэл захиалгаар хуурамч баримт сэлт гаргаж ирсэн асуудал өнгөрсөн сонсголоор гарсан. Тиймээс УИХ-ын нээлттэй сонсголыг бодит баримттай, мэргэжлийн хараат бус шинжээчдээр бүрдүүлж байж хийхгүй бол ямар ч үр дүнгүй, улс төрийн зохиолтой жүжиг болчих вий гэж бодож байна. Энэ бүхнийг тооцоолж УИХ-ын сонгуулиас өмнө заавал хийх ёстой. Бид хир буртагтай, худал хуурмаг зүйлтэй сонгуульд орох боломжгүй. 

-Сүүлийн хоёр жил авлига, хээл хахууль л ярьсан. АН, МАН гэсэн хоёр намын авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн нэрс л баахан зарлагдсан. Энэ бүхэн сонгуулийн саналд нөлөөлнө гэсэн болгоомжлол намын гишүүдийн дунд их байна?

-Би нэг зүйл дээр хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Нийгэмд сенсац болоод байгаа хэргүүд зөвхөн өнгөрсөн дөрвөн жилд болсон зүйл биш. Энэ бол сүүлийн 30 гаруй жилд болж буй процесс. Энэ засаглалын хямрал, парламентын чадамж, сонгуулийн тогтолцоо, бусад хуулийг засахгүй бол цаашид ч байна. Тиймээс дээр хэлсэн сонгуулийн холимог тогтолцоо, 126 гишүүнтэй, олон намын төлөөлөлтэй, олон нийгмийн бүлгүүдийг хамарсан парламент бүрдэж байж, олон зүйл нээлттэй, хараа хяналттай болно. Манай нам сонгуульд ялах, эс ялахаас илүүтэй тогтолцоогоо өөрчилж, авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэж байгаа нь хамгийн том үр дүн. Мэдээж хэрэг хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа үргэлжлүүлээд явах нь манай намын зорилго. Тиймээс сонгуульд ялахын төлөө үйл ажиллагаагаа явуулна. Манай намын гишүүд, дэмжигчдийн хувьд энэ бүхнийг ойлгож, дэмжиж хүлээн авч байгаа.

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. МАН бүхий л үйл ажиллагаагаа цахимд шилжүүлж E-NAM болсон гэж та зарлаж байсан. Эргээд харахад улс төрийн намд цахим шинэчлэл зохиж байх юм уу, ги­шүүдийн идэвх ямархуу байна вэ?

-Нэгдүгээрт, бид гишүүн бүрээ таньдаг болох хэрэгцээ шаардлага байсан. Үүнийг хангаж чадах ганц зүйл бол цахим бүртгэл юм. Тиймээс цахим нам болох эхний алхам бол гишүүдээ цахим бүртгэлд бүрэн хамруулж, үүний дараа тэдний үзэл бодол, дуу хоолойг сонсох шаардлага үүссэн. Одоо манай нам 300 мянган гишүүнтэй, тэдгээрийн 70 хувь нь цахим нам гар утасны ухаалаг аппликейшн хэрэглэж байна. Бид гишүүддээ өдөр тутмын мэдээлэл өгөх, санал асуулга явуулах, цахим номын сан ажиллуулах, цахим сургалт зохион байгуулах олон функц бүхий агуулгыг оруулж өгсөн. Энэ бүхэн “Цахим нам 2.0” хувилбарт бүрэн тусгалаа олсон. Хамгийн гол зорилго бол намын гишүүдээсээ улс төрийн болон бусад ажил албан тушаал дээр хүний нөөцийг шилж, сонгох журмын дагуу ил тод нээлттэй сонгон шалгаруулах үйл ажиллагааг хийх явдал юм. Одоо УИХ-ын гишүүн Ж.Мөнх-Оргилоор ахлуулсан хүний нөөцийг шилж, сонгох журам боловсруулж байна. Тэгэхээр цахим системийн ач холбогдол нь хүний нөөцийн шилэн бүртгэл үүсэж байгаа юм. Танил талаараа ч юм уу хэн нэгний нөлөөгөөр ажил албанд томилогддог байдал байхгүй болж байгаа хэрэг. Боловсролтой, туршлагатай, намын үйл ажил­лагаанд идэвхтэй оролцдог, ёс зүйн өндөр соёлтой гишүүдэд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ хэн нэгний нөлөөгүйгээр ажил албан тушаалд томилогддог боломжийг нээж байгаа юм. Нөгөө талаас мэдээлэл технологийн эрин зуунд бид хуучин арга барилаар ажиллах, удаан хөшүүн байж болохгүй шүү дээ. 2016 оноос эхлэн олон улсын туршлага судлаад явж байхад Туркийн Шударга ёс нам, Германы Социал демократ намууд цахим системийг бүрэн ашиглаж гишүүн бүрээ үйл ажиллагаанд оролцох боломжийг нээж өгснийг үзсэн. Тиймээс бид 2017 оноос эхэлж цахим нам болох зорилт тавьж, 2021 онд “Цахим нам 2.0” хувилбараа амжилттай хийсэн. Цаашид орон зай, цаг хугацаанаас үл хамааран намын үйл ажиллагаагаа цахимд бүрэн шилжүүлэн санхүү, цаг хэмнэсэн байдлаар ажиллах болно. XXI зуунд бид манлайлагч намын хувьд техник технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлж, ашигладаг байх ёстой. Өнөөдөр хиймэл оюунд суурилсан маш олон программ хангамжууд өдөр бүр бий болж байна. Big Data, Cloud computing, Quantum computing гэх мэт маш өндөр технологиудыг хөгжилтэй улс орнууд ашиглаж байна. Бид үүнээс дутахгүй цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах ёстой. Тэгж байж улс орныхоо ирээдүйг авч явах орчин үеийн улстөрчдийг бэлтгэн гаргадаг институт болно.

-Өнөөдөр МАН байгуулагдсан өдөр. Та МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш хам­гийн удаан ажилласан хүн болж байна. Тийм учраас Та МАН-ын цаашдын, ирээдүйн төлөвшил, хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?

Өнгөрсөн найман жилийн хуга­цаанд намын институтийг бэхжүүлэхэд нэлээд цаг, сэтгэл гаргаж ажилласан. Намын дэргэдэх Стратеги академи өнөөдөр олон улсын түвшинд хүрсэн судалгаа, сургалтын баазтай болж, намын сургалт судалгааны ажил гэхээсээ илүү улс орны хэмжээнд үйл ажил­лагаагаа явуулах чадамжтай боллоо. МАН-ын 30 дахь Их хурлаар хэлэлцүүлж батлуулсан хүний эрхийг хамгаалах дэвшилтэт бодлого, авлигын эсрэг дэвшилтэт бодлогуудаа бодитой ажил хэрэг болгох шаардлага байна. Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн нь намын гишүүд төдийгүй иргэд олон нийт, УИХ, Засгийн газрын гишүүдэд сургалт орох, хүний эрхийн түгээмэл асуудлаар боловсрол олгох ажлыг амжилттай хийж хэрэгжүүлж байна. Дэвшилтэт бодлогын хүрээлэн нь олон улсын хөгжлийн судалгааг хийж, намын үйл ажиллагаанд сайн жишээнүүдээс нь нэвтрүүлэх, дэвшилтэт үзэл санааг түгээн сурталчлах, намын гишүүд дэмжигчдэд чиглэсэн сургалт, уулзалтуудыг тогтмол хийдэг болсон. Энэ мэтчилэн намын дэргэдэх ТИНК-ТАНК байгууллагуудын үйл ажиллагааг улс орон даяар зохион байгуулдаг чадамжтай болгох зорилго байгаа юм. “Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай” гэдэг. Тиймээс цаашид энэ эхлүүлсэн олон ажлыг ямар ч хүн ирсэн аваад явах институтийн зохион байгуулалтыг өнгөрсөн хугацаанд хийсэн. Гол нь улам бүр төгөлдөржүүлэх, дэвшилтэт бодлого бүрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажилладаг байх шаардлагатай. Улс төрийн нам бол мөрийн хөтөлбөр боловсруулж сонгуульд өрсөлдөхөөсөө илүү улс орноо удирдаад явах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг институт байх учиртай. Тиймээс суурь нь бат байхад дээшээ өндөр байшин барьж болдогтой адил манай намын ирээдүй өнгөтэй, гэрэлтэй байгаа. Цаашид бодлогын улс төр хийдэг байх цаг үеийн шаардлага тулгарч байгаа хэдий ч манай нам гишүүдийнхээ дуу хоолой, тэдний дэмжлэгээр улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсаар байна гэдэгт итгэлтэй байгаа. Шинжлэх ухаанч, судалгаанд суурилсан бодлого бол манай намын давуу тал. Тиймээс намын шинэчлэлийн ажлыг тасралтгүй хийх нь оршин тогтнох үндэс. Ирж байгаа сонгуульд ялалт байгуулах нь бидний эхлүүлсэн тэмцэл, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд амжилттай болох эсэхийг шийдэх чухал цаг хугацаа. Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон шинэчлэл өөрчлөлтүүдээ зөв байсныг батлах чухал ялалт байх ёстой. Иймийн тулд сонгууль дээрээ л төвлөрч ажиллана даа. Манай намын гишүүд ч мөн энэ удаагийн сонгуульд өндөр идэвхтэй оролцож нийгмийн томоохон өөрчлөлтүүдийн эерэг үр дүнг авчрахын төлөө хичээн зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

- Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.