1921 оны 03-р сарын 01-ний энэ өдөр Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж байсан түүхтэй. Улмаар 1921 оны 03-р сарын 01-03-ны өдрүүдэд Монгол Ардын Намын Анхдугаар Их хурал Дээд Шивээд хуралдаж, намын мөрийн хөтөлбөр “Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийг хэлэлцэн баталж байжээ.
Монгол Ардын Нам бол 1921 онд ард түмнийхээ тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг удирдан манлайлж, хүнд бэрх сорилт бэрхшээлд нугаралгүй нийт ард түмнийхээ хамтын хүчээр даван туулж, эх орноо хөгжил дэвшил, ардчилал, эрх чөлөө, эв нэгдлийн эрхэмлэн түүхэн их үйлсийг бүтээсэн улс төрийн ууган хүчин юм.
103 жилийн тэртээ улс орон, ард түмний алдагдсан эрхийг эргүүлэн авч, Анхдугаар Үндсэн Хуулиа баталж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа дэлхий дахинаа зарлаж, БНМАУ-аа НҮБ-ын бүрэн эрхт гишүүн орон болгож чадсан түүх Монгол Ардын Намтай салшгүй холбоотой.
Ойн энэ өдөр Монгол Ардын Нам “Улс төрийн намын хөгжлийн чиг хандлага” сэдвээр эрдэмтэн, судлаачдыг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа
Тусгаар тогтносон аль ч улс оронд улс төрийн нам, эвсэл үйл ажиллагаа явуулдаг. Улс төрийн намуудынх нь бодлого зорилго нь тогтвортой, нэгдмэл байж чадсан улс орны хөгжил тэр хэмжээгээрээ хурдацтай, зөв өрнөдөг. Энэ ч утгаар өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго нь улс төрийн намууд цаашид ямар түвшинд ажиллах ёстой вэ. Цаашдын зорилгодоо юуг эрхэмлэж явах ёстой таллаар хэлэлцлээ.
Аливаа улс оронд улс төрийн нам байх нь яагаад чухал вэ, Улс төрийн намууд ямар байх ёстой вэ, Улс төрийн намын дотоод ардчилал, Улс төрийн намын гол үүрэг хариуцлага юу вэ гэсэн асуудлыг хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөж санал солилцлоо.
Ер нь бол улс төрийн намын төлөвшил, хөгжилд сонгогчид хамгийн их нөлөөтэй гэж үздэг. Ийм ч учраас сүүлийн жилүүдэд улс төрийн намуудын бодлого улам чамбайрч эхэлсэн. Намууд мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулахдаа амлалтаар өрсөлддөг байсан бол орчин цагт судалгаагаар өрсөлддөг болсон байна. Энэ нь анхдагч, том намын нөлөө гэж судлаачид үзэж байлаа.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар, МАН-ын дэргэдэх Стратеги Академийн захирал Д.Бумдарь, МУИС-ийн УТОУХНУС-ийн захирал С.Мөнхбат, ШУТИС-ийн Хүний нөөцийн албаны дарга, улс төр судлаач Д.Мягмарсүрэн, Удирдлагын академийн судалгаа эрдэм шинжилгээний дарга, улс төр судлаач, доктор Ж.Жаргал, МУИС-ийн УТОУХНУС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалай нар оролцлоо.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.