Социал демократ үзэл баримтлал нь эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл гэсэн үндсэн 3 үнэт зүйлсийг эрхэмлэдэг.
Эрх чөлөө гэдэг нь хэсэг бүлгийн бус хүн нэг бүрийн үндсэн эрхийг эдлүүлэх юм. Ардчилсан засаглалыг дэмжиж, хүмүүсийн сонголт хийх боломжийг хангаж, хүний эрх зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Жишээлбэл: Төрийн үйл хэрэгт оролцох засгийн эрхийг ард түмэн барихдаа өөрийн чөлөөт сонголтоор төрийн дээд байгууллага Улсын Их Хурлыг сонгож, тэрхүү төлөөлөл нь иргэдийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьсан хууль баталснаар хүн бүрийн эрх ашгийг хуулиар хамгаалдаг.
Шударга ёс нь хүн бүрд сайхан амьдрах тэгш боломжийг олгодог. Хүн бүр харилцан адилгүй нөхцөлд төрдөг тул боломж нь тэгш бус байдаг. Эрх мэдэлтэй болон мэдээлэлд ойр байгаа цөөн хүмүүс нөөц баялгийг эзэмших нь шударга бус билээ. Учир нь нөөц баялаг (төсвийн хуваарилалт, байгалийн баялаг, төрийн үйлчилгээ... гэх мэт) бол ард түмний дундын өмч байдаг болохоор түүнийг хүн бүрд тэгш боломж олгож, төрийн зохистой оролцоотойгоор хуваарилах нь зүйтэй.
Эв санааны нэгдэл нь хүн нийгмээс ангид, цор ганцаар амьдрах боломжгүй тул хамтаараа сайхан амьдрах үндсэн үнэт зүйл дээр нэгддэг. Нийгмийн амьдралд оролцогч хүн бүр бие биенээ дэмжиж, хариуцлагатай хандаж, хамтран амьдрах нь зүйтэй. Жишээ нь, таны ажиллаж олсон цалингаас суутгадаг татвар нь таны болон бусдын хүүхдийн сурч боловсрох эрхийг хангаж байдаг.
Эрх чөлөөг шударга ёс ба эв санааны нэгдэл нь хангагдаагүй нийгэмд хэрэгжүүлэх боломжгүй. Эрх чөлөө, эв санааны нэгдэлгүйгээр шударга ёсыг тогтоох боломжгүй. Эрх чөлөө, шударга ёс хангагдсан нийгэмд эв санааны нэгдэл бий болдог. Өөрөөр хэлбэр эдгээр гурван үнэт зүйлс хоорондоо харилцан шүтэлцээтэй байдаг
Яагаад социал демократ үзэл баримтлал гэж?
Социал демократ үзэл баримтлалтай орнуудын нийтлэг талыг анзаарвал чинээлэг дундаж давхарга өргөн байдаг. Өөрөөр хэлбэл хүн амьдралаа бүтээхдээ төрөөс, хэн нэгнээс хараат бус амьдрах боломж бүрдсэн байгааг илэрхийлнэ.
Хүнийг хамгаалахын тулд хүний амьдралын баталгааг хамгаалах асуудлыг цуг ойлгох хэрэгтэй. Энэ утгаар социал демократ үзэл баримтлал нь нийгмийн бодлогоор нийгмийн өөрчлөлт дэвшлийг дэмжих, хүмүүст тулгарсан хүндрэл бэрхшээлийг хөнгөвчлөх, хүний эрхийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх, хүний хэрэгцээг хангаж хөгжих боломжийг бүрдүүлдэг.
Хүн ёсоор, нэр төртэй амьдрах нийгмийн сайн сайхан байдлыг хангахад төрийн зохистой оролцоог дэмждэгээрээ социал демократ үзэл баримтлал ялгардаг.
Эх сурвалж: Стратеги Академи, “Социал демократ үзэл баримтлал” хураангуйлсан гарын авлага, 2022
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.