70001921
info@nam.mn
Мэдээ

Эмгэнэл

Админ
2024/01/05


ЭМГЭНЭЛ

ЦЭРЭНПИЛИЙН БАЛХААЖАВ

/1928-2024/

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын нийгэм-улстөрийн нэрт зүтгэлтэн,  философийн шинжлэх ухааны доктор, профессор, соён гэгээрүүлэгч  Цэрэнпилийн Балхаажав 2024 оны нэгдүгээр сарын 4-нд таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл гүн эмгэнэл илэрхийлж байна.

Ц.Балхаажав хүнлэг зөөлөн сэтгэлтэй, уудам саруул ухаантай иргэн, бүх талын их мэдлэг боловсролтой, өргөн хүрээтэй судлаач, олон ном бүтээл туурвиж монголын шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан манай яруу эрдэмтэн сэтгэгчдийн нэгэн байв. Тэрээр хүн судлал, Шинжлэх ухаан судлал, Монгол судлал, мал аж ахуй судлалаар нийтдээ 20-иод боть ном; 300 гаруй өгүүлэл  илтгэл бичиж хэвлэн нийтлүүлжээ.

Түвдэн овогт Цэрэнпилийн Балхаажав 1928 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумын Баруун туулайт уулын “Үүдэндээ цохиот” гэдэг өвөлжөөнд төржээ. Тэрээр 1938-1943 онд Завхан аймгийн бага, дунд сургууль, 1948-1952 онд Намын Төв Хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль, 1959-1964 онд Москва хотын Ломоносовын нэрэмжит Улсын Их сургуулийг философич, багш мэргэжлээр суралцаж төгссөн. 1967-1970 онд Москва хотын Нийгмийн Ухааны Академид дэд эрдэмтэн (PhD), 1999 онд шинжлэх ухааны доктор (ScD) -ын зэрэг тус тус хамгаалжээ.

Ц.Балхаажав 1945-1948 онд Завхан аймгийн Цагаанчулуут суманд бичиг үсгийн багш, бага сургуулийн багш, 1952-1955 онд Намын дээд сургуульд багш, 1955-1959, 1964-1967, 1970-1972 онд Монгол Ардын Намын Төв хорооны дэргэдэх намын түүхийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, тасаг, хэлтсийн эрхлэгч, 1972-1979 онд намын Төв хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, 1979-1981 онд намын байгуулалтын хэлтсийн эрхлэгч, 1981-1984 онд Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, 1984-1990 онд намын Төв хорооны нарийн бичгийн даргаар тус тус сонгогдон ажилласан. Өндөр насны тэтгэвэрт гарсан үеэс Хүн судлалын төв, Дорно дахины дээд сургууль, Сутай дээд сургуульд 1991-2010 он хүртэл судлаач, багш, зөвлөхөөр тус тус ажилласан юм.

Ц.Балхаажав эх орон, ард түмэн, МАН-ын эрх ашигт хэзээд үнэнч байж, Монгол Ардын Намын XVI их хурлаас намын төв хорооны орлогч гишүүн, XVII, XVIII, XIX их хурлуудаас намын Төв хорооны гишүүн, 1973 - 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 8, 9, 10, 11 дэх удаагийн чуулган сонгуулиар Их хурлын депутат, Их Хурлын залуучуудын болон гадаад харилцааны байнгын хорооны даргаар, 1998-2013 онд МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байлаа.

Ц.Балхаажавын хичээнгүй зүтгэл, нөр хөдөлмөр, эх орноо хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж 1971 онд “Алтан гадас одон”, 1978, 1988 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 2 удаа, 2005 онд “Сүхбаатарын одон”, 2008 онд “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, мөн Боловсролын академийн жинхэнэ гишүүн, профессор цол, 2011 онд МАН-ын дээд шагнал “Тусгаар Тогтнолын одон”, “Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ээр, 2023 онд “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар” цолоор тус тус шагнасан юм.

Эрхэм журмын нөхөр Ц.Балхаажавын гэгээн дүр  намынхаа журмын  нөхөд, монгол түмнийхээ зүрх, сэтгэлд үүрд гэрэлтэн орших болно.

 

УМ САЙН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ

 

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ

 САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДЭРГЭДЭХ АХМАДЫН ХОЛБОО




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.