70001921
info@nam.mn
Мэдээ

Монгол Ардын Нам жендэрийн тэгш байдлыг хангахад манлайлан оролцлоо

Админ
2023/12/05

Өнөөдөр Жендэрийн Үндэсний Хороо болон зарим иргэний нийгмийн байгууллага хамтран “Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагч” арга хэмжээг зохион байгууллаа. Хуралд улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр манлайлал үзүүлж ажилласан бүхий л салбарын төлөөллүүд оролцсон юм. 

Манай Улсын хүн амын 51,3 хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх, хүйсийн тэнцвэрийг хангахын тулд УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар эмэгтэйчүүдийн квот 30 хувь хүртэл байх заалт батлагдсан. Энэ заалтыг батлахын тулд улс төрийн намууд, Жендэрийн үндэсний хороо, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж жендэрийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр ажилласны үр дүн гэж үзэж байна.

Уулзалтад Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож “УИХ-д хуульд жагсаалтаар дэвших 48 нэр дэвшигчийг хүйсийн хувьд 1:1-ын харьцаатай буюу эрэгтэй, эмэгтэй байлгах, өмнө байсан жендэрийн 20 хувийн квотыг 30 хувьд хүргэж өсгөх заалт бүхий Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-д Засгийн газраас өргөн барьсан нь улс төрийн шийдвэр байсан төдийгүй тодорхой эсэргүүцлийг давж байж гарсан” гэдгийг онцоллоо. Мөн аль нэг хүйсэд учирч байгаа хүндрэл, бэрхшээлийг цаашид засаж залруулах, хүйсийн тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагын дагуу өөрчлөлт шинэчлэл хийхэд Монгол Ардын Нам бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. 

Ирэх 2024 оны УИХ-ын сонгуулиар жагсаалтаар 48 нэр дэвшигч хүйсийн хэлбэрээр 1:1 гэсэн байдлаар эрэмбэлэгдэнэ. Харин тойрогт нэр дэвших нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байх гэсэн хуулийн заалт үйлчлэх учиртай. 2028 оны УИХ-ын ээлжит сонгуулиар энэ квот 40-өөс доошгүй хувь болно. Эрх баригч Монгол Ардын Нам улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, төлөөллийг тэнцвэржүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж чадсан нь УИХ-ын Сонгуулийн тухай хуульд ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулж чадсанаар харж болно.







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.