НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2021-2024 онд хэрэгжүүлж буй “Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг дэмжсэн механизм бүрдүүлэх зорилготой.
Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхах, жендэрийн тэгш эрхийг хязгаарлах, аливаа хэлбэрийг хориглосон багагүй хууль тогтоомжийг батлан гаргасан. Гэвч өнөөдөр Улсын Их Хурлын 76 гишүүний ердөө 13 нь эмэгтэй гишүүн байгаа нь дээр дурдагдсан хуулийн хэрэгжилт амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг харуулж байгаа нэг тод жишээ юм.
Улсын Их Хурал дахь эрэгтэй, эмэгтэй гишүүдийн харьцааг харвал эмэгтэй гишүүд дөнгөж 17 хувийг нь эзэлдэг. Энэ тоо бол ардчилсан Монгол Улсад чамлалттай үзүүлэлт. Ийм ч учраас өнөөдөр Монгол Улс 193 орноос 121-д бичигдэж байна.
Өнөөдөр “Амлалт, Үр дүн: Жендэрийн хариуцлагатай улс төрийн нам” сэдэвт Үндэсний форум боллоо.
Форумд парламентад суудалтай МАН, АН, ХҮН намын төлөөлөл болон НҮБ, Койка олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.
Форумын зорилго нь Шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдал, Монгол Улсын туршлага, Улс төрийн намуудын зүгээс хэрэгжүүлсэн ажилтай танилцах, цаашид хэрхэхээ тодорхой болгоход оршиж байлаа.
Форум “Амлалт, үр дүн” болон “Тогтвортой байдлыг хангах“ гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт МАН-аас Намын байгуулалтын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвдагва, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан нар өөрсдийн намын хэрэгжүүлсэн хөтөлбөрийг онцолж, үр дүнг танилцууллаа. Ардчилсан нам 2023 оныг “Эмэгтэйчүүдээ дэмжих жил” болгон зарлаж, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаа онцолсон бол ХҮН намын хувьд эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой “ХҮН 50:50” бодлогын хүрээнд хийсэн ажлаа танилцуулсан. Харин МАН социал демократ үзэл баримтлалын хүрээнд хүний эрхийг дээдэлсэн нам болохоо зарлаж, жендэрийн тэгш байдлыг хуульчлах, эрх зүйн орчныг бүрдүүлж чадсанаа онцлов.
Форумын дараах хэсэгт МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, АН-ын дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн Ч.Өнөрбаяр, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа нар асуултад хариулт өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, намын байр сууриа илэрхийллээ.
2023 оны 04-р сарын 10-нд “Тэгш төлөөллийг хангах улс төрийн намын амлалт” олон улсын форум болж улс төрийн 10 нам амлалт өгч гарын үсэг зурсан. Энэ үеэр Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан: “Монгол Ардын Нам Социал Демократ үзэл баримтлалтай намын хувьд Жендерийн тэгш байдлыг зохих түвшинд аваачихыг эрмэлзэж байгаа. Нэр бүхий гишүүдийн боловсруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд холимог тогтолцоогоор сонгууль явагдсан тохиолдолд жагсаалтаар орж ирэх хүмүүсийг 1:1 буюу нэг эрэгтэй, эмэгтэй гэсэн эрэмбэтэйгээр оруулж ирэх саналыг дэвшүүлсэн. Ингэвэл ирэх парламентад хамгийн багадаа 19 эмэгтэй гишүүнтэй болох боломж бий болж байгаа. Үүнээс гадна жижиг тойргоор нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Ингэснээр эмэгтэйчүүд шийдвэр гаргах, бодлого боловсруулах, парламентад эзлэх хувь хэмжээ өшөө илүү нэмэгдэнэ” гэдгийг онцлон хэлж байсан.
Тэгвэл энэ оны хаврын чуулганаар Улсын Их Хурал Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. 2024 оны 01-р сарын 01-ний өдрөөс хэрэгжих хуулиар жагсаалтаар нэр дэвшигчдийг эрэгтэй эмэгтэй буюу 1:1 харьцаатайгаар нэр дэвшүүлэхээр хууль батлагдсан. Ингэснээр 2024 оны сонгуулийн үр дүнд УИХ-д сонгогдон ажиллах эмэгтэй гишүүдийн тоо дээр дурдсанчлан хамгийн багадаа 19 гишүүн болж нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм. Мөн үүнээс гадна 2024 оны сонгуулиар нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь, 2028 оны сонгуулиар нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэдгийг хуульчилж өгсөн.
Монгол Ардын Нам шийдвэр гаргах түвшин гэдэг ойлголтыг зөвхөн УИХ гэж явцуу байдлаар хардаггүй. Энэ ч утгаар өнгөрсөн хугацаанд “Манлайлал-350” хөтөлбөрийг хэрэгжүүлж 21 аймагт анхан болон дунд шатанд ажиллаж байгаа эмэгтэйчүүддээ зориулсан сургалтыг явуулсан. Ингэснээр эмэгтэйчүүд нийгмийн бүхий л давхаргад өөрийгөө сорин өрсөлдөх боломжийг нээж өгсөн юм.
1992 оноос хойш УИХ-ын найман удаагийн сонгууль болсон. Эдгээрт нийт 605 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 65 нь эмэгтэй хүн сонгогдсон байдаг. 1992 онд УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3 байсан бол 2016, 2020 онд 17.1 хувь болсон. Энэ нь хэдийгээр манай улсын хэмжээнд түүхэн дэх хамгийн өндөр дүн боловч дэлхийн болон бүс нутгийн дунджаас 4-8 хувь доогуур үзүүлэлт. Тиймээс эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх асуудал өнөөдөр ч зайлшгүй ярьж, хөндөж байх ёстой асуудал юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.