СДМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа БНХАУ-д энэ сарын 15-22 ны өдрүүдэд айлчлал хийлээ. Айлчлалын үеэрээ ХКН-ын Гадаад Харилцааны сайд Лю Жяньчаотай уулзав.
Уулзалтын эхэнд Хятадын Коммунист Намын Гадаад Харилцааны яамны сайд Лю Жяньчао: “Залуу, шилдэг удирдагчийн хувьд Монголын бүтээн байгуулалт, эмэгтэйчүүдийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Та бол Хятадын ард түмний сайн сайхныг байнга санаж цар тахлын үед “Мөнхийн хөрш, Сэтгэлийн өглөг” хандивын аяныг санаачилж зохион байгуулж байсан нь бид бүхний сэтгэлийг хөдөлгөсөн. Та МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн. Эмэгтэйчүүд бол нийгэмд маш том үүрэг хүлээж байдаг. Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо болон Хүний Нөөц Нийгмийн Хамгааллын яам болон Монголын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам хамтран эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй. Хоёр улсын харилцаа, ард түмний нөхөрлөлд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байна” гэлээ.
Харин СДМЭХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа хэлэхдээ “Цар тахлын дараа Хятад улсын эдийн засаг өсч хүн амын амьдрал амгалан тайван болсныг харахад баяртай байна. Хоёр улсын найрамдалд харилцаа, хоёр намын хамтын ажиллагаа нь иргэд хоорондын хамтын ажиллагаанд маш чухал нөлөө үзүүлдэг. 2014 оноос эхлэн “Энхтайван хөгжлийн сан”-тай хамтын ажиллагаа эхлүүлж 6 төсөл арга хэмжээг хамтарч зохион байгуулсан. Цаашид энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд гэр хороолол буюу захын дүүргийн айл өрх руу чиглэсэн төсөл арга хэмжээ хамтран зохион байгуулах хүсэлтэй байна” гэв.
Энэхүү уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал мөн оролцлоо.
СДМЭХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа БНХАУ-д ажиллах хүрээндээ Си Ян хотод зохион байгуулагдсан Торгоны замын олон улсын эмэгтэйчүүдийн форум болон Торгоны замын олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцсон юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.