Монгол Ардын Нам нь 30 дугаар их хурлаараа Социал демократ үзэл баримтлалтай нам гэдгээ зарласан. Социал демократ үзэл баримтлалын үнэт зүйл нь нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоог хангаж, адил тэгш боломжийг бүрдүүлэх явдал юм. Тодорхой болгож хэлбэл хүн бүр улс төрд өөрийн биеэр оролцох боломжтой гэж үздэг. Ийм судалгаа өмнө нь хийгдэж байгаагүй юм. Тэгвэл анх удаа Монгол Ардын Намын дэргэдэх Хүний Эрх, Дэвшилтэд Бодлогын Хүрээлэн хийж өнөөдөр бусад улс төрийн нам, холбогдох байгууллагуудад танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тусгаар Тогтнолын ордонд болсон судалгааны танилцуулга, хэлэлцүүлгийг нээж МАН-ын Намын Байгуулалтын Газрын дарга Б.Пүрэвдагва үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Ардын Нам бол Социал Демократ үзэл баримтлалтай нам. Хүний эрхийн зөрчилтэй хуулийн 800 заалт байсан. Монгол Ардын Нам хүний эрхийн оролцоог хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулж, Улсын Их Хурал баталлаа. Парламент бол жижиг ард түмэн гэдэг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэний төлөөлөл парламентад байж, дуу хоолойгоо хүргэх ёстой гэж Монгол Ардын Нам үзэж, бусад намууддаа уриалж байна” гэлээ.
УИХ-ын 2020 оны сонгуульд 485 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 2 хүн нь, орон нутгийн сонгуульд 17.357 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 1 хүн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан юм. Энэ бол хууль эрх зүйн орчинд, нийгэмд, улс төрийн намуудын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгогдох эрх хэрхэн хангагдаж байгааг харуулж байгаа нэг том бодит үзүүлэлт юм. Хүн төвтэй Социал Демократ үзэл баримтлалтай Монгол Ардын Нам өмнө нь жендэрийн тэгш эрхийн асуудал дээр манлайлан дуугарч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тэгвэл өнөөдөр ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, хамгаалахад түүчээллээ.
Мөн хэлэлцүүлгийн үеэр МАН-ын дэргэдэх Хүний Эрх Дэвшилтэт Бодлогын Хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал: “Хүн бүрийн улс төрийн оролцоог хангах нь ардчиллын хэлбэр. Судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй” гэлээ.
Монгол Улсад 1992-2020 оны хооронд 8 удаагийн парламентын сонгууль болсон. Энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох эрхийн асуудал л түлхүү яригддаг байсан. Үүний үр дүнд өнөөг хүртэл хугацаанд парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл нэг ч удаа сонгогдож байгаагүй юм. Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулахаа Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ намын даргын хувьд мэдэгдээд бусад улс төрийн хүчинд ч ийм жагсаалттай оролцохыг уриалж байсан.
Судалгаагаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг парламентад нэр дэвшүүлвэл дэмжих үү” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 80 хувь нь “Нэр дэвшигч ямар хүн байх нь чухал биш. Нэр дэвшигчийн мэдлэг, боловсрол, ёс зүйг харж дэмжинэ. УИХ-ын сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жагсаалтад оруулахыг дэмжиж байна” гэсэн хариулт өгчээ.
Хэлэлцүүлэгт намуудаас гадна СЕХ, ХНХЯ, ХЗДХЯ, ЦЕГ, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Дашрамд дурдахад УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг хуулиар тогтоосон. Үүнтэй нэгэн адил хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвших квотыг тогтоож өгөх ёстой гэсэн байр суурь уг хэлэлцүүлгийн үеэр илэрхийлэгдэж байсан юм.
Хэлэлцүүлэгт оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд анх удаа ийм судалгааг улс төрийн санаачлан хийж, өнөөдөр ийнхүү анх удаагаа олон улс төрийн намын төлөөлөл оролцож хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрхийн судалгаа гарлаа. Судалгаан дээр үндэслэн төрийн байгууллага, улс төрийн намууд, төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоотой хэлэлцүүлэг ч өрнөлөө. Энэ асуудал үүгээр дуусахгүй. Тодорхой асуудлаар зөвлөмж гаргаж хүргүүлэх юм байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.