2023 оны 07-р сарын 07-ны өдөр хэд хэдэн парламент дамнасан Улс төрийн намын тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ баталсан. Уг хуулинд Улс төрийн намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг ардчилсан зарчимд нийцүүлнэ гэж заасан. Илүү тодруулж хэлбэл хуулийн 8.2.3-д Нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх. Мөн 17.7-д Намын төлөөллийн байгууллага, гүйцэтгэх төв байгууллага болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна гэж тус тус заасан.
Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө улс төрийн намууд эрх зүйн орчноо сайжруулах, жендэрийн тэгш эрх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн бүх ажлыг хийж гүйцэтгэх, намууд өөр өөрсдийн дүрэм, дотоод журмаа өөрчлөн шинэчлэх шаардлагатай. Үүнтэй холбогдуулан Монгол Ардын Нам, НҮБ хамтран намын удирдлагын багт зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Сургалт, хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар, Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон МАН-ын газар, хэлтсийн дарга нар намын дэргэдэх Төрийн бус байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Социал Демократ намуудын нэр дэвшүүлэх үйл ажиллагааны журмын харьцуулалт болон онолын ойлголт, Монгол Ардын Намын жендэрийн бодлогын баримт бичгийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлт, түүнийг батлахад анхаарах зарим асуудал сэдвийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг явагдав.
Дашрамд дурдахад хууль 2024 оны 01-р сарын 01-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд Жендэрийн Үндэсний хороо энэ хуулийн 8.2.3 болон 17.7-д заасан шаардлагыг тухайн улс төрийн нам хангасан эсэх талаарх дүгнэлтийг жил бүр сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.