Өчигдрийн түүх, бүтээн байгуулалтыг өнөөгийн бидэнд бий болгон үлдээсэн ахмад настнуудаа хүндэтгээд өнгөрөх бус маргаашийн хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах нь ус агаар мэт чухал. Ахмадууд ч үүнд бэлэн байдаг.
Монгол Ардын Намын 102 жилийн түүх, орчин цагийн Монгол Улсын хөгжлийн угшил ахмад буурлуудтай салшгүй холбоотой. “Олон улсын Ахмадын өдөр”-ийн өмнө Монгол Ардын Нам Тусгаар Тогтнолын ордонд “Дэвшилтэт бодлогод Ахмадын оролцоо” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
Уулзалт, хэлэлцүүлгийн гол зорилго нь “”Дэвшилтэт бодлого”-ын үйл ажиллагаанд ахмад настнуудаа татан оролцуулж, тэдний санал хүсэлтийг тусгах, ирэх он жилүүдийн томоохон бүтээн байгуулалтыг хамтран цогцлооход оршиж байна. Ахмадуудтай хийсэн уулзалт, хэлэлцүүлгийг Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ “Ахмадууд та бүхний улс эх орны бүтээн байгуулалт, хөгжилд оруулсан олон жилийн туршлага юу юунаас чухал. Дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэхэд та бүхний оролцоо хэрэгтэй” гэлээ.
Статистикийн Үндэсний Хорооноос гаргасан 2021 оны мэдээллээр 73.438 ахмад настан хөдөлмөр эрхэлж байна гэсэн тоо байдаг. Хөдөлмөр эрхэлж буй ахмадуудын 28.0 хувь нь хувиараа, 27.8 хувь нь өрхийн аж ахуй эрхэлдэг бол 19.2 хувь нь цалин хөлстэй, 7.3 хувь нь байнгын цалин хөлстэй хөдөлмөр эрхэлж байна. Мөн 429 ахмад хөдөлмөрийн биржид бүртгэлтэй байгаагийн зэрэгцээ ажил хөдөлмөр хийх хүсэлтэй, өндөр мэргэжлийн дадлага туршлага бүхий зөвлөх мэргэжилтэн 768 ахмад настан байна.
Монгол Ардын Нам 92.740 ахмад гишүүнтэй бөгөөд улсын хэмжээний нийт ахмадын 26.9 хувийг эзэлж байна. Нийт ахмад гишүүдийн 65.6 хувийг эмэгтэйчүүд, 34.4 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Хүйсийн энэ харьцаа нь ахмадууд жендерийн тэгш эрхийг хангах тал дээр жинтэй нөлөө үзүүлдгийг харуулж байгаа юм.
Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбоо нь үйл ажиллагааны цар хүрээ, бодлогоо дан ганц намын хүрээнд бус улсын хэмжээнд харж ажилладаг. Ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх ажил эрхлэлт, зөвлөх үйлчилгээг үр дүнтэй хэлбэрээр үргэлжлүүлнэ гэсэн зорилт Монгол Ардын Намын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан байдаг. Энэ хүрээндээ Нийгмийн даатгалын багц хуулийг Монгол Ардын Нам эрх барьж байх хугацаандаа санаачилсан. Томоохон өөрчлөлт орох юм. Тухайлбал тэтгэвэрт гарсан хүнийг ажлын байраар хангаж цалинжуулсан аж ахуйн нэгж, төрийн байгууллагад төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байх эрх зүйн орчинг бүрдүүлэх юм байна.
Манай улс 1992 оноос хойш “Ахмадын өдөр”-ийг тэмдэглэж ирсэн уламжлалтай. 2022 оны 3 дугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 60 ба түүнээс дээш насны 344.766 ахмад настан, 100 ба түүнээс дээш насны 155 өндөр настан энх тунх амьдарч байна.
Дашрамд дурдахад Монгол Ардын Нам Ахмад настны хөдөлмөр эрхлэх тухай бие даасан хуультай болох ёстой гэж үзэж байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.