70001921
info@nam.mn
Мэдээ

Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Админ
2023/09/17

“Бал дарга” нэрээр түмэн олныхоо дунд алдаршиж, ХХ зууны Монголын түүхэнд онцгой том орон зай эзлэн ажиллаж, амьдарч байсан төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайд, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал, улс төрийн ууган нам, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 107 жилийн ой тохиож байна.

Өнөөдөр Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан, "Эрдэм судлалын Ю.Цэдэнбалын академи"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Авдай, залуучууд, иргэд түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 





Ю.Цэдэнбал нь улс, эх орныг хагас зуун жил тэргүүлэхдээ Монгол төрийнхөө тусгаар тогтнолыг бүрэн бэхжүүлэн хадгалж чадсан төдийгүй, эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс суурийг баттай бий болгосон юм. 


Ю.Цэдэнбал нь Монгол улсын Гадаад харилцаа, гадаад бодлогод том хувь нэмэр оруулсан юм. Төр нийгмийг удирдаж байх хугацаандаа ганцхан Зөвлөлт Холбоот Улстай дипломат харилцаатай байсан Монгол Улсыг дэлхийн 90 гаруй улс оронтой дипломат болон худалдаа, соёлын харилцаатай болгосон цорын ганц удирдагч. Тэрээр НҮБ-ын Аюулгүй Зөвлөлд Монголын төрийн удирдагчдаас анх удаа үг хэлж, 16 жил үргэлжилсэн ухаалаг гадаад бодлогын үр дүнд 1961 онд Монгол Улс НҮБ-д элссэн. 

Мал аж ахуйн салбар давамгайлсан Монгол Улс, 1500 гаруй үйлдвэртэй үйлдвэржсэн улс орон болсон нь Ю.Цэдэнбалын төр удирдаж байсан үеийнх. 1940-1984 онд Монгол Улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 50 дахин, эрчим хүчний үйлдвэрлэл 244 дахин, 1976-1986 онд уул уурхайн үйлдвэрийн бүтээгдэхүүн 18 дахин өссөн байдаг.


Улс орноо хэрэглэгч бус үйлдвэрлэгч орон болгон хөгжүүлж чадсан Ю.Цэдэнбал нь эдийн засагч хүний хувьд хөгжлийн 1, 3, 5 жилийн төлөвлөгөөг гарган уул уурхайн салбарыг түлхүү хөгжүүлж дэлхийд уул уурхайн салбартаа дээгүүрт эрэмбэлэгдэх экспортлогч орон болгосон. Түүний энэ бодлогын үр дүнд Эрдэнэт, Дархан, Багануур зэрэг олон уурхай байгуулагдсан бөгөөд өнөөдөр ч хойш үе нь болсон бид үр шимийг нь хүртсээр байна. 


Дашрамд дурдахад энэ жил цэцэг өргөх ёслолд залуучууд түлхүү оролцож байлаа. Оюутан залуучууд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөж байгаагаас гадна үе тэнгийн залуучууддаа Ю.Цэдэнбал гэдэг хүн хэн байсан, ямар гавьяа байгуулсан тухайг судлан боловсруулж нийтэд танилцуулсан юм. 











ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.