Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэнгээр ахлуулсан баг “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Түнэл, Чандмань-Өндөр сумдад ажиллалаа.
Тус уулзалт, хэлэлцүүлгийн үеэр тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийг сонгууль болохоор зүсээ үзүүлдэг үзэгдэл бий гэдгийг тодотгож байлаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны “Шувуу” ажиллагааг улам эрчимжүүлэхийг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн амьдралд бодитоор тулгарч буй зэрэгт онцгойлон анхаарч ажиллахыг хүссэн юм.
Харин Түнэл сумын иргэдийн хувьд малын түүхий эд үнэгүйдэж, хаягдах нь орон нутаг бүрд тулгамдсан асуудал болж байна. Энэ асуудалд онцгойлон анхаарч, орон нутагт нь түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай гэлээ. Мөн махны үнийг тогтворжуулах, зөв бодлого хэрэгжүүлж, ченжүүд малчдаас малыг маш хямдхан авч, хот суурин газрын иргэдэд 5-7 дахин нэмэгдүүлж, борлуулдаг байдлыг анхааралдаа авахыг хүссэн юм.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, тэр дундаа “Хөдөөгийн сэргэлт” -ийг цаг үеэ олсон, цаашид үр дүнгээ өгнө гэж итгэж буйгаа илэрхийлсэн.
Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хөдөө орон нутагт шинээр үйл ажиллагаа явуулж буй Аж ахуй нэгжүүдэд ажлын байр нэмэгдүүлбэл татварын дэмжлэг үзүүлж, орон нутаг руу шилжсэн Аж ахуйн нэгжүүдэд 1.0 хувийн хөнгөлөлттэй зээл олгож буй юм. Хөдөө орон нутагт шилжиж буй Аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлснээр орон нутгийн хөгжилд, тэр дундаа ажлын байрууд олноор нэмэгдэх өндөр ач холбогдолтой.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.