Төвийн болон баруун бүсийн 7 аймагт Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын албанаас 17 баг ажиллаж байна. 09-р сарын 11-23-ны өдрүүдэд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган зэрэг аймгуудад “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа юм.
Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан баг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ахмадуудтай уулзаж намын бодлого, зорилт, Засгийн газрын хэрэгжүүлж буй ажил, хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.
Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй, намрын хадлан тэжээлийн бэлтгэл ажлууд гээд малчид, иргэд ачаалалтай байгаа хэдий ч “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэгт оролцож, харилцан саналууд солилцов.
Уулзалтын үеэр ахмадууд Монгол Улсын хөгжлийн тушаа болсон авлига хээл хахуулийн гэмт хэрэгтэй зоригтой тэмцэж байгаа Монгол Улсын Засгийн газрын үйл хэрэг, Монгол Ардын Намын бодлого зорилтод ам сайтай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ тэтгэврийн зөрүүг арилгах Засгийн газрын бодлого шийдвэрт сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байлаа.
Тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмээд үнийн өсөлттэй уялдуулж 10 хувь нэмэгдүүлнэ. Үүнд 394.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нийт 496.3 мянган тэтгэвэр авагч хамрагдана. 2014 оноос хойш тэтгэврийн зөрүүг арилгах асуудал шийдэгдээгүй байсан. Харин энэ удаагийн тодотголоор уг асуудлыг Засгийн газраас нэг мөр шийдэхийг зорьж байна.
1990-2000 он хүртэл цалин бага байх үед тэтгэврээ тогтоолгосон хүмүүс болон тэдэнтэй ижил ажил мэргэжилтэй, ажилласан жил ойролцоо хэр нь сүүлд тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн хэмжээ өөр байгаа. Үүнийг итгэлцүүрээр ойролцоо түвшинд хүргэх юм байна. Тухайлбал 1990 онд тухайн үеийн дундаж цалин буюу 500 төгрөгийн цалин авч байгаад тэтгэврээ тогтоолгосон багш байлаа гэж бодоход 2022 онд ижил ангилал, ажил мэргэжилтэй хүнтэй итгэлцүүрээрээ ижил болно гэсэн үг. Итгэлцүүрээр зөрүүг ойртуулсны дараа нийт тэтгэвэр авагч 496 мянган хүний тэтгэвэр нийтээрээ дахин 10 хувиар нэмэгдэх юм.
Дашрамд дурдахад Зорилтот бүлгийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг 89.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 144.4 мянган хүн хамрагдана.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.