Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяагаар ахлуулсан баг “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд өнөөдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд ажиллаж байна. Халиун сумын хувьд 700 орчим өрх 2400 гаруй иргэдтэй, газар тариалан, мал аж ахуйд суурилсан 60 гаруй жилийн түүхтэй сум.
Уулзалт, хэлэлцүүлгийн эхэнд “ШИНЭ СЭРГЭЛТИЙН РЕФОРМ” мэдээллийг өгч, санал хүсэлтийг сонслоо. Сумын иргэдийн зүгээс орон нутагт нь хийгдэж буй бүтээн байгуулалтуудыг зөв бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар, мөн газар тариалан, мал аж ахуйд чиглэсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй Халиун суманд дээрх чиглэлийн хөрөнгө оруулалтууд шаардлагатай байгааг онцолж байлаа.
Мөн Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа Халиун сумын ахмадуудын төлөөлөлтэй уулзаж хүндэтгэл үзүүллээ. Тус сумын хамгийн өндөр, 99 настай намын гишүүн, аймгийн алдарт уяач, ахмад дайчин Н.Зэвгэ, Өндөр настан, сумын намын даргаар олон жил ажилласан аймгийн алдарт уяач З.Баттулга, Намын ахмад гишүүн, баг үүрийн даргаар олон жил ажилласан З.Чагнаадорж нарын ахмадуудтай уулзаж, тэдний санал, зөвлөмжийг сонсов.
“Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлгийн төгсгөлд Б.Өнөржаргал даргатай Говь-Алтай аймгийн Халиун сумын МАН-ын хорооны тэргүүлэгчидтэй уулзаж, намын дотоод үйл ажиллагаа, гишүүнчлэл, тулгарч буй асуудал, бэрхшээлүүдийн талаар харилцан санал солилцлоо.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.